Квантын шинжлэх ухааныг Монголд таниулна


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025 оныг “Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил” болгон зарласан. ЮНЕСКО уг арга хэмжээг удирдан зохион байгуулахаар болж, Дэлхийн улс орнууд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, хувийн хэвшил болон бусад холбогдох талууд хамтран ажиллаж, шинжлэх ухааны хөгжил, боловсролын чадавхыг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалсан байна. Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил нь боловсролын үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилготой Дэлхий нийтийн санаачилга юм.

Тус үйл ажиллагааны хүрээнд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн 2025 онд боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран квантын шинжлэх ухаан, технологийн мэдлэг, ололтыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудаа эхлүүлж байна.

“Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил”-ийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Физик, технологийн хүрээлэн хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад квантын шинжлэх ухааны ололт, туршилт судалгааны чиглэлээр мэдлэг, мэдээллийг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр өчигдөр “Мэдлэгийн квант түгээе-туршилтууд” үйл ажиллагаа зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Гурван хэмжээст голограм”, “Квант нислэг”, “Квант жаал”, “Квант баллуур”, “Орчлон ертөнцөөр аялъя”, “Байгалийн цацраг”, “Франк Герцийн туршилт”, “Атом долгион функцын хувьсал”, “Цахилгаан соронзон индукц”, “Фото элемент”, “Фотоны үйлчлэл”, “Чулуун доторх амьдрал” зэрэг 12 төрлийн туршилтыг ШУА, МУИС, ШУТИС, МУБИС-ийн судлаачид танилцууллаа. Сурагчид тэднээс шинжлэх ухааны ололт, үр дүнгийн талаар мэдээлэл авч, сонирхолтой туршилтуудыг хамтран хийлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *