Х.Чойбалсангийн нууц, түүхэн зургаар цомог гаргалаа


БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой 2025.02.08-нд тохионо. Үүнийг угтан “Анхны 7” сангаас “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” цомог гаргалаа. 1953 оноос хойш Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт 71 жил нууцлан хадгалж ирсэн ховор, түүхэн гэрэл зургуудыг тус архив, МУБИС-ийн Түүхийн танхим хамтран, эмхтгэжээ.

Энэ цомгийн нээлтэд Х.Чойбалсангийн зээ Ч.Хулан, зээнцэр Д.Бишрэл нар ирсэн юм. Тэдэнд цомгийн дээжийг гардууллаа.

Энэ талаар МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Ч.Болдбаатар “1911-1934 оны улс төрийн зүтгэлтнүүдийн гэрэл зураг үүнд бий. ТЕГ-ын Тусгай архивт цаана нь 102 хүний гэрэл зураг үлдсэн. Харамсалтай нь их залуугаараа нас барсан хүмүүс ихэнх нь байна. Тухайлбал: МАН-ын Харилцан туслалцах хоршоог байгуулсан, Чагдаржавтай хамт их үйл хэрэг бүтээлцсэн Цэвэдсүрэн гэдэг хүний гэрэл зураг байна. 1921 онд Хятадад ажлаар явж байгаад нас барсан хүн. Цагаанхүү сайдын зургийг Үндэсний төв архиваас хайгаад олоогүй. Гэтэл зураг нь энд байна. 1930 оны бослогыг дарах шүүх хуралд оролцсон хүн.

Маршалын намтрыг судлах ёстой. Энэ их сонин намтартай хүн. Нэг гараараа Монголын сэхээтнүүдийг устгасан. Нөгөө гараараа сургууль байгуулсан. Энэ хүнийг дүгнэхэд хэцүү. Түүхчид дүгнэж чадахгүй байхад бусад хүн үүн дээр анхаараарай” гэж ярилаа.

Улс төрийн намын тухай хуулийн дагуу МАН олон нийтэд улс төрийн боловсрол олгох зорилгоор “Анхны 7” сан байгуулжээ. Тус сан түүхэн, нууц гэрэл зургийн 5 боть гаргахаар төлөвлөсний анхных нь энэ цомог юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *