ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Шинэ, сэргээгдэх эрчим хүчний салбарын багш М.Ганхүлэгтэй нарны цахилгаан үүсгүүр нь гэр хорооллын нийт айл өрхүүдийг хангах боломжтой эсэх талаар ярилцлаа.

-Нийслэлийн айл өрхүүдээс илүү хөдөөгийнхөн нарны цахилгаан үүсгүүрийг хэрэглээндээ хурдтай нэвтрүүлж байна уу?
-Тийм ээ. Манайхан нарны хавтан гэж ярьж заншсан нарны цахилгаан үүсгүүрийг цахилгааны хэрэгцээндээ ашигладаг жишээ олон бий. Ялангуяа хөдөөгийн айл өрхүүд нарны цахилгаан үүсгүүрийг ашиглаад өөрсдийнхөө хэрэгцээг маш сайн хангаж байгаа. “100.000 нарны гэр” хөтөлбөр анх эхэлж байх үедээ ихээхэн шүүмжлэлд өртөж байсан ч одоо эргээд харахад үр дүнтэй ажил болжээ. Яагаад үр дүнтэй ажил гэж үзэж байна вэ гэхээр хөдөөгийн айл өрхүүд нийгэм, цаг үеийн мэдээллийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй байсан.
Харин нарны цахилгаан үүсгүүр амьдрал ахуйд нь нэвтэрч эхэлснээр тэдэнд хязгаарлагдмал байсан боломжуудыг нээж өгсөн. Хүссэн үедээ гэрлээ асааж болж байна. Цаг хугацаа хамаарахгүй зурагтаа асаагаад үзэхэд ч болно. Зарим утасны сүлжээ орсон газарт аймаг, сумд, нийслэлийн иргэд шиг сошиалаас мэдээлэл авч болох жишээтэй. Харин нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд бол харьцангуй бага ашигладаг. Эрдэнэт болон Улаанбаатарт нийтдээ 60 айл өрхөд нарны цахилгаан үүсгүүрийг ашиглаад халаалтын системийг нь шийдвэрлэх, дулаан хуримтлууртай халаалтын системтэй болгох төсөл одоогоор эхний шатандаа явж байна.
-Гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулахад ямар нэгэн асуудал бэрхшээл байна уу?
-Нийслэлийн айл өрхүүдэд тулгамддаг асуудал нь зай талбай юм. Нарны хавтангууд овор хэмжээ ихтэй. Мөн сүүдэрлэхгүй, үргэлж нар тусаж байх ёстой. Гэтэл хотын хэт шигүү нөхцөлд сүүдэрлэлт ороод ирэхээрээ эрчим хүчний үйлдвэрлэл нь унана. Ер нь зах зээл дээр үйлдвэрлэгдэж байгаа нарны цахилгаан үүсгүүрийн ашигт үйлийн коэффициент 20 орчим хувь байдаг. Гэхдээ нэг хавтангаас үйлдвэрлэх эрчим хүчний чадлын хэмжээ нэмэгдсэн. Одоо бол нэг ширхэг нарны хавтангаас үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ 700, 800 вт руу орсон явна. Энэ нь нэг айлд дунджаар 300 вт-ын 10 ширхэг хавтан тавьдаг байсан бол одоо 4-5 хавтан тавьдаг болж эзлэх зай талбай нь багассан юм. Гол нь манайханд нарны цахилгаан үүсгүүрийн тухай ойлголт, мэдлэг дутмаг.
Дараагийн тулгамдсан асуудал нь хүчдэлийн уналт их үүсээд байгаа юм. Бид хөдөөгийн айл өрхүүд шиг 100 хувь бие даасан байж болохгүй. Заавал төвийн системтэйгээ зэрэгцэн ажилладаг байх ёстой. Илүүдэл эрчим хүчээ төвийн системдээ нийлүүлдэг, өөрсдийнхөө хэрэгцээний хувиа хэрэглэдэг ийм л системийг хүсээд байгаа шүү дээ. Гэтэл төвийн системийн хүчдэл уначихаар т ехнологийн хувьд тогтмолоос хувьсах гүйдэл болгон хувиргадаг инвертэр ажиллахгүй байх тохиолдол их үүсч байна.
-Ямар нэгэн шийдэл байна уу?
-Айл өрхүүдийг нэгтгээд шийдэж болно. Нарны хавтангууд айл бүрийн хашаанд байрлаж, батерей хуримтлуур, инвертэрийг нь нэгдсэн нэг удирдлагатай болгох судалгааг манай оюутан хийж байгаа. Техник, эдийн засгийн хувьд ч үр ашигтай шийдэл юм. Энэ бол 10 айл дундаа удирдлагын нэгдсэн нэг төвтэй, хашаа бүртээ нарны хавтантай байх боломжтой хувилбар байна аа гэсэн үг. Сүүлийн үед манай бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн чиг хандлага ногоон технологи руу чиглэж байна. Банк санхүүгийн байгууллагууд ч ногоон зээлийг санхүүжүүлье гэх коэффициент, бодлогуудыг дэвшүүлж байгаа. Гадны бодлогын жишээнүүд бол үнэхээр сайн. Яагаад гэвэл гадаадын иргэд амины орон сууц, аж ахуйн нэгжийнхээ дээврийг ашигтай талбай болгож ашиглахын тулд анхнаасаа тооцоолоод бүтээн байгуулалт хийдэг. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэд дээврийн талбайгаа нарны хавтангаар хучиж, ашиглах нь өөрөө улс эх орныхоо эрчим хүчний асуудалд томоохон нөлөө үзүүлнэ ээ гэсэн ойлголттой байна. Одоо бид айл өрхүүдийн дээвэр дээр тодорхой даацтай нарны хавтанг байрлуулъя гэхээр дээврийн хийц нь даах уу гэдэг бас л бэрхшээлтэй. Тэгэхээр заавал тухайн айлын дээврийг хүчитгэх асуудал гараад ирж байгаа биз. Мөн айл өрхүүдийн нэг асуудал бол дулаалга юм. Дулаалгыг маш сайн хийх ёстой. Бодъё л доо. Цоорхой саванд ус хийгээд явах юм бол асгарсаар байгаад ус ч үгүй ирнэ. Яг үүнтэй адилхан мянга халаасан ч дулаан алдагдал ихтэй байх юм бол үр дүн багатай.
-Нарны цахилгаан үүсгүүрээр эрчим хүчний хэрэгцээнээсээ гадна халаалтын асуудлаа ч шийдэх боломжтой юу?
-Ердийн цахилгааны хэрэглээ, халаалтаа авч болно. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлах юм бол нарнаас ирж байгаа энергийг цахилгаан энерги болгон хувиргачихаад дахин үүнийгээ дулаан энерги болгон хувиргаж байгаа энэ тохиолдолд чадлын алдагдал үүсэх магадлалтай. Тиймээс дулааны вакум коллекторыг зэрэгцүүлэн ашиглаж эхэлбэл айл өрхүүдийн хувьд боломжтой. Мөн яагаад төвийн системтэй холбоотой байх ёстой вэ гэвэл нарны эрчим хүч нь өөрийн гэсэн цаг хугацаатай. Хамгийн оргил дулаан шаарддаг улирал бол өвөл юм. Өвлийн улиралд нарны гийгүүлэх хугацаа богинохон байдаг. Ийм үед дулааны хуримтлууртай байх нь илүү ашигтай. Өнгөрсөн онд хэрэгжсэн 60 айлын төсөл нь дулааны хуримтлууртай тень ашигласан. Энэ нь ямар зорилготой вэ гэвэл өдөр нартай үед нарны хавтан эрчим хүч үйлдвэрлэж, дулааны хуримтлуурыг тодорхой градус хүртэл халаана. Төвийн системийн оргил ачааллын үед тухайн айл өрхийн хэрэгцээг бие даан хангана гэсэн үг. Мэдээж шөнийн цагт бол тень хөрнө шүү дээ. Хэрэв энэ үед дулаан шаард лагатай болбол төвийн системээс авах шаард лагатай болно биз. Тэгэхээр төвийн системтэйгээ хосолж ажиллах зайлшгүй шаардлагатай.
-Та саяхан хөдөөгийн айл өрх бүгд нарны цахилгаан үүсгүүрийг хэрэглээндээ нэвтрүүлсэн гэсэн. Яг үүнтэй адилхан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтээрээ хэрэглээндээ нэвтрүүлэхэд хууль эрх зүйн орчин ямар байна вэ?
-Эрх зүйн орчин бол нээлттэй. Журамд “Айл өрхүүд 20кВт-аас доош сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг ямар нэгэн техникийн нөхцөлд тусгай зөвшөөрөлгүйгээр өөрсдөө бий болгох боломжтой” гэж заасан байдаг. Энэ хэмжээ бол ямар ч айлын эрчим хүчний хэрэгцээнд хангалттай хүрнэ. Аж ахуйн нэгжүүд бол өөрсдийн техникийн нөхцөлийн суурилагдсан чадлын 50 хүртэлх хувийг нийлүүлж, үйлдвэрлэгч байж болно гэж журамд тусгасан. Саяхан цахилгааны үнэ тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор олон айл өрх сэргээгдэх эрчим хүчээр өөрсдийн хэрэгцээгээ хангах хандлагатай байна. Энэ нь ч үр өгөөжөө өгч байгаа. Урт хугацаанд авч үзэхэд өртгөө нөхөх хугацаа богиноссон. Технологийн хувьд нарны хавтангийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр буурч байгаа. Тийм ч учраас дэлхий нийт ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчийг онцгойлон авч үзэж байна. Нарны хавтангийн одоогийн ханш бол зургаан жилийн өмнөх үнээс бараг хоёр дахин буурсан байх жишээтэй.
-Тэгвэл нарны цахилгаан үүсгүүрийг гэр хорооллын айл өрхүүдэд хурдтай, хүртээмжтэй нэвтрүүлэхэд хамгийн их тулгамдсан асуудал юу вэ?
-Бид хатуу түлшний уламжлалт станцтай учраас үүнийгээ илүү хөгжүүлэх, шинэчлэх хэрэгтэй. Олон улс бол энэ технологиос татгалзаад, хөрөнгө оруулалт хийхээ больсон. Гэхдээ бид нүүрсээ ашиглахгүй байна гэж байхгүй. Нэгдүгээрт, нүүрсний станцуудыг шинээр нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, нүүрсийг дахин боловсруулан хий болгож, хийн станцын шинэчлэл рүү явах зайлшгүй шаардлага үүссэн. Өмнөх онд сэргээгдэх эрчим хүчний, цахилгаан эрчим хүчний системд оролцсон байдал 9 хувь байна. Суурилагдсан хүчин чадал нь 18.3 хувь хүрсэн. Гэтэл бид үүнээс ердөө 9 хувийг нь л ашиглаж байна шүү дээ. Энэ нь тохируулгын станц байхгүй учраас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж байна аа гэсэн үг. Үүнтэй ч уялдуулаад сүүлийн нэг жилийн дотор хоёр батерей хуримтлуурын станцыг нэмэгдүүллээ. Айл өрхүүдийн хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн батерей хуримтлууртай байхыг илүү дэмжиж байгаа.
-Яагаад сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр нь системийн тогтвортой байдлыг алдагдуулдаг юм бэ?
-Системд савлалт үүсгээд байдаг юм. Сэргээгдэх эрчим хүчний нэг онцлог нь наргүй болохоор үйлдвэрлэл нь зогсчихдог. Тэнд 20 кВт-ыг үйлдвэрлэж байсан систем байхгүй болчихоор тэр 20кВтыг хаанаас нийлүүлэх вэ гэдэг асуудал үүснэ. Ингээд төвийн системээс нөхөх гэхээр манай уламжлалт дулааны цахилгаан станцууд 40-хөн хувийн ашигт үйлийн коэффициенттэй, тохируулга хийх боломжгүй учраас ийм технологийн хүндрэлүүд үүсдэг. Энэ талаасаа сэргээгдэх эрчим хүчний нэвтрүүлэлт айл өрхүүдэд харьцангуй бага байгаа. Ийм технологийн хүндрэлүүдийг шийдвэрлэх үүднээс батерей хуримтлуурын станцуудыг эрчим хүчний системд шинээр нэмэгдүүлээд байна. Батерей хуримтлуурын с танцууд тодорхой хугацаатай. Хамгийн урт хугацаатай нь 10-20 жил байх жишээтэй. Үүнээс хойш бол ашиглалтаас гарна шүү дээ. Усан цэнэгт цахилгаан станц болон усан цахилгаан станцууд хамгийн сайн тохируулгын станц болж чаддаг. Энэ төрлийн станцуудыг нэмэгдүүлэх юм бол айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг шингээх чадвар нэмэгдэнэ. Түүнчлэн дулааны болон цахилгаанаа хангах боломж нэмэгдэнэ. Зуух тарааж байснаас илүүтэй сэргээгдэх эрчим хүчний нарны цахилгаан үүсгүүрийг айл өрх бүрд суурилуулах нь одоо байж болох хамгийн зөв шийдэл юм.
А.Даваадулам