Грекийн Санторини аралд энэ долоо хоногийн эхээр олон удаагийн давтамжтай жижиг чичиргээ мэдрэгдлээ хэмээн мэдээлж байсан бол орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой Санторини болон Аморгос арлуудад 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, улмаар 2 цагийн дараа ахин 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Грекийн дээрх арлуудыг хүрээлсэн тэнгисийн орчимд газар хөдлөх аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор эрх баригчдын зүгээс онц байдал зарласнаас хэдхэн цагийн дараагаар ийнхүү хүчтэй газар хөдлөлтүүд болжээ. Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Санторини арлын ойр орчимд олон мянган жижиг чичиргээ, газар хөдлөлтүүд бүртгэгдээд байгаа юм.
Онц байдал зарласны улмаас ихэнх оршин суугчид нь нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж, арлыг орхин явсан бөгөөд бараг хоосорсон гэж хэлж болохуйц аралд хулгайчид нэвтрэхээс сэргийлж зарим оршин суугчид шөнөөр эргүүл хийж байгаа хэмээн мэдээлж байна.
Хамгийн хүчтэй газар хөдлөлт лхагва гарагийн 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт байсан байна. Санторини аралд хоорондоо минутын зайтай чичиргээ, газар хөдлөлтүүд мэдрэгдэж байгаа учраас 11 мянга гаруй оршин суугч арлыг орхин явжээ.
Сейсмологийн эксперт мэргэжилтнүүд Санторини аралд үргэлжилж байгаа энэхүү байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл хэзээ өндөрлөх нь тодорхойгүй гэдгийг анхааруулаад байна. Одоогийн байдлаар олон мянган газар хөдлөлтүүд томоохон гарз хохирол учруулж, хүн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч эрх баригчдын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, 3-р сарын 3-ны өдөр хүртэл бараг сарын хугацаанд онц байдал зарлаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг аваад байна.
Грек улс нь Европын бүс нутгийн газар хөдлөлтөд хамгийн өртөмтгий улсаас гадна Санторини арал нь бүлэг галт уулсын дэлбэрэлтээс үүдэн үүссэн арал бөгөөд тухайн хэсэгт хамгийн сүүлд 1950-иад онд томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлт болж байжээ. Гэхдээ энэ удаагийн олон тооны газар хөдлөлтийг галт уулын идэвхжил биш, харин тектоник хавтангийн хөдөлгөөнтэй холбоотой гэдгийг эрдэмтэн судлаачид болон эрх баригчдын зүгээс мэдээлээд байна.
Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис баасан гарагт Санторини аралд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцахаар болжээ.