Утааны бизнесийг либералчилъя


Бодоод л байсан чинь утааны бизнес монопол явж иржээ. Монопол гэж юу вэ? Хийсэн, бүтээсэн бараа, ажил үйлчилгээг нь хүссэн ч эс хүссэн ч худалдаж авахаас өөр аргагүй бөгөөд чанар, хүртээмж, ил тод байдал дараагийн асуудал гэсэн үг. Төмөр зам, МИАТ, цахилгаан холбоо гэх мэт. Жишээ нь төмөр замын үйлчилгээг хэчнээн гоочилсон ч монголд өөр төмөр зам байхгүй, чи түүгээр зорчих л болно, ачих л болно. Чимээгүй, би ярьж байна, чи сонс зарчим. Монополын өөр нэг сонгодог жишээ бол Тавантолгой Түлш компани ажээ. Хийсэн түлшийг нь хүссэн ч эс хүссэн ч худалдаж авна, авахгүй бол хөлдөнө, өөр юм түлбэл шийтгүүлнэ. Учир нь танайхыг 24/7 хаа нэгтэйгээс хэн нэгэн дурандаж суугаа. Хийсэн барааг нь авах зах зээлийг хуульчлаад, хамгаалаад өгсөн учраас өрсөлдөгч байхгүй, зарагдахгүйн зовлон даанч үгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой Түлш” ХХК үүсгэн байгуулагдсан гэж тус компанийн цахим хуудаст угсаа гарвалиа ийн тодорхойлжээ.

Компанийн АЛСЫН ХАРАА: ДЭЛХИЙН ЖИШИГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭРХЭМ ЗОРИЛГО: Чанарыг эрхэмлэн, хямд үнэ өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулахад оршино. ЗОРИЛГО: Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж агаарын бохирдлыг бууруулах. ҮНЭТ ЗҮЙЛС: Технологийн дэвшил, Аюулгүй үйлдвэрлэл, Тогтвортой хөгжил, Хэрэглэгч ба харилцагч, Нийгмийн хариуцлага, Боловсон хүчин гэжээ.

Компанийн алсын хараа, эрхэм зорилго, зорилт, үнэт зүйлүүдэд хүний амь нас, эрүүл аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дурдаагүй нь муу ёр гэлтэй. Учир нь компанийн эх баригч нь одоогийн ерөнхийлөгч агаад тэрээр миний “хүү”-г хэн ч биш болгож байна гэж хавийн хүмсийг загнаж, харуул манаагаа чангаруул гэж үүрэгдсэн нь саяхан. Одоогийн ерөнхий сайд өөрийн биеэр үйлдвэрт очиж танилцсан бөгөөд түлшний үйлдвэрээс Элбэгдорж нарыг санадаг, хааяадаа нэг боддог талаараа аминчлав.

Бараг үйлдвэрийн талаар сонсгол болов. Утаагүй түлш гэж хэн болохыг таниулж өгсөн энэ хэдэн жилд 1.7 их наядыг шатааж, 800 гаруй хүн угаартан тэнгэрт хальж, хэд хэдэн айл хүйс тэмтрэгдэж, Уушгины хатгалгааны 18%, Уушгины архаг бөглөрөлт өвчний 13%, Тархины судасны өвчний 31%, Зүрхний ишеми өвчний 32 хувьд нөлөөлсөн гэсэн “амжилттайгаар” 2025 оноо угтжээ.

Үйлдвэрийнхэн энэхүү “баярт” үйл явдалтай холбогдуулан ТУЗ-ийн гишүүдээ 1.1 тэрбум төгрөгөөр шагнаж, урамшуулжээ. Тус компани 2023 оны байдлаар 2700 орчим ажилчидтай, тэдний ажилчдын баяр гэж улсын наадмын дайтай сүрлэг, сүржин болдог ажгуу. Үнэхээр баясгалантай аж. Муухай дээрээ улцан гэгчээр монопол, дээр нь төрийн өмчид буюу есөн шинж нь нэгэнтээ бүрджээ. Харамсалтай нь энэ бол гайхах зүйл биш бөгөөд төрийн өмчит 80 гаруй компанийн таваас бусад нь алдагдалтай ажилладаг гэсэн дүн мэдээ байна.

Францийн 16-р Людвик хаан бизнес эрхлэгчдийг ордондоо дуудан за нарт яаж туслах уу, бизнесийг чинь цэцэглүүлэхэд би юу хийх билээ гэж асуусанд Laissez-faire буюу биднийг зүгээр л зөнд орхичих, та л бидний бизнесээс “холдоод өг” гэж хариулсан гэдэг. Энэ зарчим нь бизнест төрийн оролцоог аль болох бага байлгах, өрсөлдөөнийг дэмжих гэсэн үндсэн санаануудтай чөлөөт нийгмийн амин философуудын нэг билээ. Харин одоо төрийнхөн утааг яаж бууруулах вэ гэж асуухад нь “чи л биш шүү” гэмээр байна. Утаа гэхээр нүүрс ярьдаг, нүүрсээр хийсэн түлш ярьдаг, түүнийгээ утаагүй гэж нэрлэдэг, гэхдээ бүх айлд утаанаас сэргийлсэн утаа мэдрэгч суулгаж өгдөг, Налайхын ойрмогхон байрлах түлшний үйлдвэр нь ядаж байхад утаагүй түлш нэртэй, гэхдээ хөөтэй төлөг шиг халтар агаад хажуугаар нь явахад андашгүй.

Гэтэл бидний зорилго агаарын бохирдлыг бууруулах тухай юм, алга болгох тухай юм, Улаанбаатарын өвөл тув тунгалаг, цэв цэлмэг байх тухай юм. Цаад санаа нь Үндсэн хуульд заасан хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай эдлүүлэх тухай юм. Хоржоонтой нь Монгол төр энэ эрхийг 100 гаруй жил иргэндээ эдлүүлэх гээд барсангүй. Тунгалаг тамир кино гарч байна, Итгэлт, Эрдэнэ хоёр хүрээний баян ноёныд “шоудаж” байна. Ноёны залуу эхнэр Гэрэл бүсгүй залуу хар хүү Эрдэнэ уртын дуу дуулсны дараа эрхгүй “нойтогножээ”

Тэрээр толгой эргээд гарч жаахан салхилъя гэж шалтаг хайхад өвгөн нөхөр би хамт гарах уу гэхэд бараг “зайл цаашаа” гэх мөртөө Эрдэнэ ээ хоёулаа гаръя гэсний зоргоор гадаалав. Гэрэл бүсгүй Эрдэнэтэй алхах зуураа яасан сайхан шөнө вэ хэмээн талимаарахад Эрдэнэ: утаанд нь хамар хорсоод юу нь сайхан байгаа юм гэхэд Гэрэл: тэр хурмастын буруу биш хүрээнийхний буруу байхаа хэмээн айлгүйтэв. Эрдэнэ: утааг нь мартаад тэнгэрийн нь таалж байгааг мэдсэнгүй гэсэн үзэгдэл бий. Хүрээ гэдэг бол 100 жилийн өмнөх манай нийслэлийн нэр билээ. Зуу гаран жилийн дараа Хүрээний утаа төгөлдөржиж хамраас хүний аминд хүртлээ догширчээ . . буюу төр утаа хоёр ийн ижилсжээ.

Утаа хийгээд, утаат төрийг сэхээрүүлэх гэж элдэв янзын дулаалга, пассив хаус, сэргээгдэх эрчим хүчээр халдаг, цахилгаанаар халдаг, газрын гүний дулаан, гэрийн дулаалга, гэрийн агааржуулагч, гэрийн тамбар, орон сууцжуулалт, хийн түлш, машины утаа шүүгч, атомын станц, усан цахилгаан станц, Улаанбаатар хотын араас сэнсээр үлээе, Улаанбаатар хотод байнга салхи үүсгэдэг тэнгэр аргадагч бөө, удган, лам, нүүрс, шахмал түлшний энэ тэндхийн өч төчнөөн санал, санаачилга, төсөл цасан ширхэг шиг бударна. Харамсалтай нь төр тэдгээрийг ТҮК-ийн ажилтан зам цэвэрлэх лугаа адил шүүрдэж орхив.

Хөөрхий нэг залуу өвөл ар гэрийнхнийхээ аюулгүй байдлыг бодоод Вьетнамд өвөлжиж байгаагаа тайлбарлах зуураа, ингэж дулаан орон луу явж байгаа нь эх орноосоо урвасан үйлдэл биш шүү гэх юм. Залуу минь чи биш харин төр эх орноосоо урваж Үндсэн хуульд заасан эрхийг маань эдлүүлэхгүй байгаа юм шүү.

Одоо нэгэнтээ утаа тойрсон тэр их мөнгийг либералчилж, утааг зах зээлийн зарчмаар, хүний эрүүл мэндэд хамгийн аюулгүй, хамгийн дулаан тэр шийдлийг гаргаж ирсэн хэн бүхнийг шударгаар санхүүжүүлье. Төр чадахгүй гэдгээ 100 жил харууллаа, харин төрийн хийх зүйл нь зөвхөн стандарт хангаж байгаа эсэхэд хяналт тавихад болно . . . аа биш, бас л төр, тэд яаж хянадаг билээ, тэд тендерийг яаж будлиулдаг билээ, тэгэхээр тэд лав биш. Харин даатгалын системтэй холбох нь магадгүй хамгийн сайн шийдэл байх болов уу. Утаат төрөөс бидний уушги, хэтэвч, улбаалаад амийг минь аврах ачтан гагцхүү хувийн хэвшил, чөлөөт, өрсөлдөөнт зах зээл чамд минь л байгаа даа!

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *