Монголын волейболын холбооны 2024-2025 оны үндэсний дээд лиг гурван сар үргэлжлэн аварга баг, улирлын шилдгүүдээ тодруулсан билээ. Лиг дуусаад удаагүй энэ цаг мөчид ирэх жилийн лигийн талаарх сонирхолтой сонин хачин мэдээллийг хуваалцаж байна.
Т.ХАНГАЛ ААВЫНХАА ХАМТ ШИНЭ БАГААС ӨРСӨЛДӨЖ МАГАДГҮЙ
Энэ жилийн лиг Тамираагийн Хангалгүй болж өндөрлөлөө. Тэр тусмаа лигийн хошой аварга болсон “Натур Бакс” клуб багийнхаа тулгуур тоглогчгүйгээр лигт өрсөлдөж, хүрэл медалиас мултарсан.
Т.Хангал одоо Тайландын дээд лигт легионер тамирчнаар тоглож буй. Тэрээр 2023 онд “Nakhonratchasima VC” клубийн бүрэлдэхүүнд орж, багийнхаа хамтаар Тайландын дээд лигт түрүүлснээс гадна үнэ цэнтэй тоглогчоор тодорсон. Энэ жил мөн Тайландын дээд лигт тус багийнхаа хамт өрсөлдөж байгаа учраас Монголынхоо лигт оролцож чадаагүй. Түүний тоглодог “Nakhonratchasima VC” клуб одоогийн байдлаар нэг ч хожигдолгүй, 11 хожилтойгоор лигийн хүснэгтээ тэргүүлж, финалын шатанд шалгарч үлдээд байна.



Тэгвэл Т.Хангал ирэх жилийн лигийн тэмцээнээр аавынхаа багийн хамт лигт өрсөлдөж магадгүй гэсэн шивнээ байна. Түүний аав Р.Тамираа энэ жил “Минтонетт Говь” хэмээх шинэ багийг дасгалжуулан, лигт өрсөлдсөн. Тус баг залуу бүрэлдэхүүнтэй, анх удаа лигт оролцсон ч гэсэн өсөх ирээдүйтэй, шинэ залуу тамирчидтай яван чангарах баг гэдгээ тодорхой хэмжээнд харуулав. “Минтонетт Говь” 2024 оны залуучуудын улсын аварга болсон.
Энэ багт Т.Хангал нэгдэж, лигт өрсөлдөж магадгүй байна. Түүний “Натур Бакс”-тай байгуулсан гэрээ энэ улирлаар дуусаж магадгүй байгаа аж. Аав, хүү хоёрын хослол лигийн аваргын цомыг дахин өргөх болов уу? Тэд хамтдаа 2021 оны үндэсний дээд лигт түрүүлж байсан төдийгүй Т.Хангал үнэ цэнтэй тоглогчоор шалгарч, аав нь мөн шилдэг дасгалжуулагч болсон билээ. Тэдний хамтралыг бид харах уу? Ирэх жилийн лигийг хүлээх үлдэж байна.
“SG HAWKS”-ААС ӨРСӨЛДСӨН ТОМАС МОНГОЛЫН ИРГЭНШИЛТЭЙ БОЛОХ УУ?
Үндэсний дээд лигийн энэ улиралд гадаадаас олон легионер тамирчид ирсэн. Тэдний нэг болох “SG Hawks” багаас өрсөлдсөн Куба улсын тамирчин Томас Лесге Фавиер манай улсын иргэншил авч магадгүй гэнэ. Энэ жилийн лигт өрсөлдсөн “************” Томасыг багтаа урьж тоглуулах санал тавьсан гэж албаны бус эх сурвалжууд мэдээлсэн юм.

Тэр 2000.07.06-ны өдөр төрсөн. 2.03 см өндөр, довтолгооны өндөр 365см, хаалтын өндөр 349 см, голын хаагчийн байрлалд тоглодог.
ВОЛЕЙБОЛЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ 9 ДҮГЭЭР САРД БОЛНО
Монголын волейболын холбоо дээд лигийн тэмцээнийг 1995-2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан. Харин 2012 оноос зургаан жил завсарласан дээд лиг 2019 онд эргэн ирсэн билээ. Тэгвэл 2025-2026 оны үндэсний дээд лигийг ирэх намар буюу 9 дүгээр сард зохион байгуулах тухай Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Д.Түвшинжаргал хэлсэн юм.
Тэрээр Монголын волейболын холбооны 2024 оны ээлжит чуулганаар олонхын санал авч, тус холбооны 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.