Шри Ланка улсад үндэсний хэмжээнд үүссэн цахилгааны тасалдлыг хэсэгчлэн сэргээв


Шри Ланка улсын хэмжээнд үүссэн цахилгааны тасалдлыг хэсэгчлэн сэргээж эхлээд байгаа талаар албаныхны зүгээс мэдэгджээ.

Үндэсний хэмжээнд цахилгаан тасрах үед 22 сая хүн амтай тус арал улсын эмнэлэг, ус цэвэршүүлэх, түгээх газрууд зэрэг чухал обьектууд генератор ашиглан аргацаахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна.

Хамгийн сонирхолтой нь тус улсад үүссэн цахилгааны сааталд салбарын сайд нь сармагчинг буруутгажээ.

Шри Ланка улсын Эрчим хүчний сайд Кумара Жаяакоди хэлэхдээ төв цахилгаан станцын трансформаторын хашаанд сармагчин орж ирснээс болж гэмтэл үүсгэн, цахилгааны тасалдал үүсгэхэд хүргэсэн хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр “инженерүүд гэмтлийг аль болох түргэн хугацаанд засварлаж, эрчим хүчээр хангахаар ажиллаж байна” хэмээн хэлжээ.

Харин Цейлоны цахилгаан дамжуулах газрын зүгээс нийслэл Коломбо хотын өмнөд хэсэгт байрлах дэд станцид онцгой нөхцөл байдал үүссэнээс болж цахилгаан тасалдахад хүрсэн гэж мэдээлсэн байна.

2022 оны эдийн засгийн хямралын үеэр мөн Шри Ланка улсад үндэсний хэмжээнд цахилгаан тасалдаж байсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *