Цагаан сарын бууз, баншаа чимхэх гээд айлууд цаг агаарын мэдээ хараад эхэллээ. Сибирийн хүйтэн агаар Монголд орж ирсэн өнгөрөгч хэд хоногт бууз, баншаа базаачихсан айл ч байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс өнгөрсөн 1 дүгээр сард 973.2 сая төгрөгийн бараа импортолжээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал, 37.2 сая ам.доллараар буюу 4%-иар өссөн байна. Гадаадаас 84.9 сая ам.доллароор мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнс авчээ. Энэ нь импортод зориулсан мөнгөний 12.3%-ийг эзлэв.
2 дугаар сар гарч, айлууд Цагаан сарын буузаа хийж эхэлмэгц гол орцны үнэ нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 1-р сарын 27-нд 3482 төгрөг байсан сонгино 7 хоногийн дараа 3547 төгрөг болсон байна. Цагаан сарыг сүүтэй цайгүйгээр төсөөлөх боломжгүй. Кофе уудаг, буцалсан усаар цангаагаа тайлдаг айлууд ч Цагаан сараар сүүтэй цай чанана. Ёс ёмбогор, төр төмбөгөр хойно. Бизнес эрхлэгчид 1 дүгээр сард 900 тонн өтгөрүүлсэн болон хуурай сүү оруулж иржээ. Үүнийг ноднин, уржнангийнхтай харьцуулахад тус бүр 3.8 дахин өссөн байв.
Бизнес эрхлэгчид 1 дүгээр сард 900 тонн өтгөрүүлсэн болон хуурай сүү оруулж иржээ
ХХААХҮЯ-ны судалгаагаар гурил, гурилан бүтээгдэхүүн бол хүн амын өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний нэг. Монголчуудын хоногт хэрэглэдэг хүнсний 63 хувийг үр тариа, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эзэлдэг. Жилд манай улс 240 мянган тонн гурил хэрэглэдэг. Монголчууд жилд хэрэглэдэг гурилынхаа ихэнх хэсгийг Цагаан сараар зарцуулдаг. Тэр тусмаа дээд гурил Сар шинэ дөхөхөөр л ахиу зарагддаг онцлогтой.
Цагаан сараар зочиндоо таваглах бууз, баншаа цав цагаан байлгах гэсэн худалдан авагчдын хүслийг хясаад, гурилын үйлдвэрүүд энэ үед дээд гурилынхаа үнийг нэмдэг. Тэр ёсоороо 2024 оны сүүлчээр үйлдвэрүүд гурилынхаа үнийг 2 удаа нэмсэн юм. Он гарсны дараа дээд гурил тасарч, ирэхдээ үнэ нь нэмэгдсэн тухай худалдаачид хэлж байна. Гурилын наймаачид энэ завшааныг ашиглан, энэ оны 1 дүгээр сард гадаадаас 4.9 мянган тонн гурил оруулж ирлээ. Үүнийг нондингийнхтой харьцуулахад, 1.9 дахин өсжээ.
Улсын хэмжээнд тариаланчид өнгөрсөн намар 220.000 тонн улаанбуудай хурааж авлаа. Өмнөх 2023 онтой харьцуулбал тариалалт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан, гадаадаас оруулж ирэх гурилын гаалийн татварыг тэглэсэнтэй холбоотойгоор дотоодын тариаланчид өнгөрсөн хавар тарьсан буудайн хэмжээгээ 2023 оныхоос 30% орчим хувь багасгасан юм. Тарьсан буудайн хэмжээ багассан тул ургац багыг авсан гэсэн үг. Үүнийг мэдэж байгаа наймаачид гурилын бизнес эрхэлж байна.
Манай улс өмнө нь хэзээ ч ийм их валюттай байж үзсэнгүй
Үнэ ихтэй дотоод гурилын оронд хэдэн төгрөгийн татуу орос гурил авна гэж тэд тооцсон бололтой. Гэхдээ л орос гурилын чанар тааруу, ус даадаггүй гэсэн нэгнийхээ зөвлөгөөг дагаад, эзэгтэй нар монгол гурилаа сонгож байна. Энэ нь дотоодын гурил үйлдвэрлэгчдэд үнээ өсгөх шалтаг болжээ. Эрэлт үүссэн бол үнэ өсдөг нь эдийн засгийн хууль юм даа.
Манай улс 1 дүгээр сард гахайн мах 3.6 мянган тонныг оруулж иржээ. Хэмжээг нь харвал ноднингийнхоос 13.5%, уржнангийнхаас 85.1%-иар өсжээ. Үүнээс үзвэл монголчууд Цагаан сараар зууш их хэрэглэдэг болж байгаа аж.
Тэгэхээр 1.4 их наяд төгрөг хаачив?
Монгол Улсын гадаад валютын нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар хүрсэн юм. Манай улс өмнө нь хэзээ ч ийм их валюттай байж үзсэнгүй. Өнгөрсөн жил л үзэв. Тэгвэл 2025 оны 1 дүгээр сард 4.8 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум 884 сая 28 мянган ам.доллартой болсон байв. 700 сая ам.доллароо манайхан гадаадад буцаагаад гаргачихжээ. Амарч зугаалаад алга болгочхов уу, бараа бүтээгдэхүүн худалдаж аваад ирэв үү гэдэг асуулт үүнээс гарч ирж байна.
700 сая ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 2.4 их наяд. Гэтэл ГЕГ-ын мэдээллээр бизнес эрхлэгчид 1 дүгээр сард 973.2 сая төгрөгийн бараа гадаадаас оруулж ирсэн байна. Тэгэхээр 1.4 их наяд төгрөг хаачив? Фукуок, Хайнан гээд аялал жуулчлалд л зориулчихсан юм биш үү дээ. Тэгэхэд 1 дүгээр сард 293 тэрбум 414 сая төгрөгөөр л хүнсний бүтээгдэхүүн гадаадаас авсан байна. Үүнээс үзвэл бид Цагаан сард зориулдгаасаа их мөнгөөр зугаалдаг юм байна шүү дээ.