АНУ-ын Огайо мужийн Кливленд хотод байрлах “Rock and Roll Hall of Fame” буюу Рок-н-роллын алдрын танхим хэмээх дуу хөгжмийн музейд мөнхлөгдөх нэр дэвшигчдийн жагсаалт гарсан байна.
Энэ жил нийт 14 нэр дэвшигчийг тодруулаад байгаа бөгөөд тэдний тал нь энэ жил Рок-н-роллын алдрын танхимд нэрээ үлдээж, мөнхлөгдөх уран бүтээлчдээр тодрох юм.
Тэдний дунд брит-поп урсгалын томоохон төлөөлөгч, өнгөрсөн жил эргэн нэгдэх тухай дуулиан шуугиантай мэдэгдлээ зарлаж, улмаар энэ жил дэлхийн аялан тоглолт хийхээр болоод байгаа Британийн алдарт Oasis хамтлаг багтсан байна. Тус хамтлаг өнгөрсөн жил анх удаа нэр дэвшиж байсан юм.
Мөн түүнчлэн Joy Division/New Order, Bad Company, The Black Crowes, Maná, Phish, Soundgarden, The White Stripes, OutKast зэрэг хамтлагууд болон Mariah Carey, Chubby Checker, Joe Cocker, Billy Idol, Cyndi Lauper зэрэг дуучид нэр дэвшээд байна.
Тэдний тал нь анх удаа нэр дэвшиж байгаа бөгөөд эдгээр уран бүтээлчдээс хэнийг нь алдрын танхимд мөнхлөхийг мэргэжлийн хөгжимчид, дуу хөгжмийн судлаач түүхчид, тус салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 1200 хүний бүрэлдэхүүнтэй, олон улсын багийн саналаар шийдэх юм.
Түүнчлэн үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчид дуртай уран бүтээлчийнхээ төлөө цахимаар саналаа өгч болох бөгөөд сонсогчдын хамгийн олон санал авсан 5 уран бүтээлчийг “фэнүүдийн сонголт” гээд нэг саналаар тооцон оруулах ажээ.
Анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаад 25 жил болсон хамтлаг, уран бүтээлчдийг тус музейн алдрын танхимд оруулахаар нэр дэвшүүлэх боломжтой болдог байна.
Санал хураалт эхлээд байгаа ба энэ жил алдрын танхимд багтаж орох уран бүтээлчдийн нэрс ирэх 4-р сард тодорно.