Баянхонгор аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын 76 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 28044 сурагч суралцаж, 1342 багш, 1592 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 26 хүүхэд ногдож, хамран сургалт 91.3% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 19 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 96.5%, суурь боловсролын хамран сургалт 93.3%-тай байна.
Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр цэцэрлэгийн 1 дүгээр түвшинд 6 багш, 2 дугаар түвшинд 22 багш, 3 дугаар түвшинд 19 багш, 4 дүгээр түвшинд 35 багш, 5 дугаар түвшинд 107 багш үнэлэгдэж, урамшуулал авч байна. Сургуулийн 1 дүгээр түвшинд 72 багш, 2 дугаар түвшинд 212 багш, 3 дугаар түвшинд 141 багш, 4 дүгээр түвшинд 123 багш, 5 дугаар түвшинд 321 багш үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчдын физик, Монгол Улсын түүхийн хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахижээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 363.2 сая төгрөг, хичээл практикийн зардал 481.4 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 120.0 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 887.1 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 121.1 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 80.2 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 503.7 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 56,9 сая төгрөг, хичээл практикийн зардал 245,3 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 56,9 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 137,1 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 84,9 сая төгрөг тус тус батлагдсан байна.
Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 105 багш, 3-11 дүгээр ангийн 7170 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 9298 суралцагч хамрагдаж, суралцагчдын идэвх 91,18%-тай байна.
“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2024-2025 оны хичээлийн жилд уг аймгийн нийт 27 сургуулийн 78% нь буюу 21 сургууль ашиглаж, сурах бичиг түрээслүүлжээ.
Ерөнхий боловсролын сургуулиудын 19 нь буюу 59,4% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 21 нь буюу 51,2% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд 100% нийгмийн ажилтантай, 37,5%-д сэтгэлзүйч, 34,4%-д нь хоолзүйч ажиллаж байна.
Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 67,728.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 29,326.2 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 6 сургууль, 1 цэцэрлэг, 2 дотуур байр, 2 боловсрол, МСҮТ-ын барилга байна.
Ариун цэврийн байгууламжийн төсөлд 13 сумын 10 цэцэрлэг, ерөнхий боловсролын 9 сургууль, 7 дотуур байрын 26 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 18 объект ашиглалтад орж 8 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.