Салбар яаманд нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго байна уу


Сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлуудыг хараад өөрийн эрхгүй ингэж асуумаар санагдаж байна. Уг нь манайх аялал жуулчлалыг хөгжүүлнэ, сая саяар нь жуулчин авна гээд байгаа. Тэр тусмаа өвлийн аялал жуулчлалыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэвч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд нэгдсэн бодлого байхгүй мэт л харагдах юм.

Сүүлийн 20 гаруй жил уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Хөх сувд-Мөсний баяр” арга хэмжээ энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нууран дээр болж байна. Өмнөх жилүүдээсээ ялгаатай нь энэ жил 10 хоногийн туршид болж байгаа.

Энэ нь мэдээж жуулчдыг татах, дотоодын аяллыг хөгжүүлэх гэсэн л бодлого. Гэтэл салбар яам нь Улаанбаатар хотод яг зэрэгцээд “Мөсний баяр” гэх арга хэмжээг зохион байгуулж байх юм. Зүй нь бол нэгдсэн том арга хэмжээндээ анхаарал өгч, гадаад, дотоод сурталчилгааг нь яам хариуцан хийж, жуулчдыг олноор нь татах ёстой байв.

Харамсалтай “Хөх сувд-Мөсний баяр”-т нэг агентлагийн дарга нь очиж үг хэлснээс өөрөөр бодитой дэмжлэг огт үзүүлсэнгүй. Дэмжиж чаддаггүй юм гэхэд гадаад, дотоодын хүмүүсийг хуваах гэж байгаа юм шиг нэг өдрүүдэд ижилхэн маягийн арга хэмжээ зохион байгуулж байгаа нь өөрөө буруу баймаар юм.

Нэг аймаг нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэг ч гэсэн эвентийг брэнд болгочих санаатай алдаж оноод 20 гаруй жил үзэж байхад салбар яам нь ингэж тарамдуулах нь хэр зүйтэй вэ. Тийм болохоор л өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго, зорилт салбар яаманд нь байна уу гэж асуугаад байгаа хэрэг юм.

Т.Дарханхөвсгөл


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *