Эрдэнэс Тавантолгой компанийн ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тарааж байхаа засгийн газраас мэдэгдэж, 2024 оны ногдол ашгийн эхний хувийг өнгөрөгч 12-р сард олгосон. 2024 онд нүүрсний үнэ өндөр байсантай холбоотойгоор Эрдэнэс Тавантолгой компани 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүний 86 хувийг хувьцаа эзэмшигчдэд тараахаар болсон аж. Нийтдээ 3,9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилагдаж байгаагийн 1,1 их наяд нь иргэдэд тараах мөнгө гэнэ. 2024 оны ногдол ашгаас иргэн бүрд 350 мянган төгрөг ногдож байгаа бөгөөд өмнө нь 130 мянгыг олгосон бол одоо үлдсэн 200 мянган төгрөгийг 2 хувааж иргэдэд олгох асуудлыг ярьж байна.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаас чухам хэдэн төгрөгийг цагаан сарын өмнө олгохоо шийдэх гэнэ. Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ-ийн зүгээс ч засгийн газрын шийдвэр гарсны дараа хуралдах тов байна. Иргэдэд ногдол ашиг тарааснаар компанийн санхүүд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэдгийг удирдлагуудынх нь зүгээс илэрхийллээ. Эрдэнэс Тавантолгой компанийн 2024 оны ногдол ашгийн сүүлийн хэсгийг ирэх 4-5 сард олгоно гэсэн тов байна.
1072 хувьцааны ногдол ашгийн 200 мянган төгрөгийг 2 хувааж олгоно
