Ерөнхий сайд улс төрд мартагдах дөхөөд байсан Дашдоржийн Зоригтыг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн даргаар томилсон нь анхаарал татаж байна. Д.Зоригтыг 2006 онд бусдын гарт амиа алдсан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хийж байсан дүүгийнхээ нэрээр улс төрд орж ирсэн гэдгээр нь ард түмэн танина. Олон улсын харилцаа, хуульч мэргэжилтэй тэрээр Гадаад харилцааны яам, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байснаас гадна Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа “Оюутолгой”-н гэрээг үзэглэхэд тодорхой үүрэгтэй оролцсон гэдгийг бид мартаж болохгүй.
Нутаг усных нь уг гарлаар үзвэл Миеэгомбын Энхболдтой нэг нутаг боловч С.Баяр, Сү.Батболд нарын сонгуулийн менежер, С.Баярын танхимын сайд байсан зэргээс нь харахад фракцын хувьд гарал үүсэл өөр гэдгийг мэдэж болно. Д.Зоригт улс төрөөс мартагдсан сүүлийн жилүүддээ “Имарт”-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан тухай мэдээлэл ч бий. Энэ бүхнээс үзэхэд Д.Зоригт бол Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын “хүн” гэдэг нь батлагдана.
Бараг 8 жил Монголын улс төрөөс хол байсан түүнийг улс төрд, тэр дундаа эдийн засгийн “хурдасгуур” хийх чиг үүрэгтэйгээр залж авчрах урилга энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гарч байна. Магадгүй Засгийн газрын тэргүүнд Сү.Батболдын дэмжлэг хэрэг болсон байхыг үгүйсгэхгүй.
Л.Оюун-Эрдэнэ түүнчлэн Миеэгомбын Энхболдоос ч дэмжлэг хүссэн тухай сураг ажиг ч улс төрийн хүрээнд чих дэлсэж байгаа тухай мэдээлэл байна. Засгийн газрын хувь заяа эмзэг гэж хэлж болохоор байгаа өнөөдрийн нөхцөл байдалд эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа хуучны лидер ах нараас гар сунгахыг хүсэж байж болох. Ямартаа ч Д.Зоригт Монголын эдийн засагт эерэг хурдац авчрах уу эсвэл эсрэгээр нь хурдасгах уу гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ.