-АРДЧИЛАЛД ХҮРСЭН ЗАМ-БОДИТ ТҮҮХ-
(1993/01/04-/01/07-ны өдрийн тэмдэглэл)
1993.01.04
1993 гэдгийг хоёр гэж л бичээд байх юм. 1992 онд нэг татагдаад байна аа даа. Өнөөдөр энэ оны УИХ ын эхний хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлгийг дуусгалаа. Өдөр “Монголын залуучууд” сонины ярилцлага өгч байх хооронд УИХ ын үдээс хойших хуралдааны эхэнд Цэцийн зүгээс мөн М.Зэнээ мэдэгдэл хийсэн сурагтай. Зэнээгийн хувьд шинэ жилийн цэнгүүний үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд мөн Золоо бид хоёрын шагнуулсанд шагнуулсан бухимдсан хийгээ гаргасан бололтой. Нэрэлхсэндээ тараг үлээнэ гэгч л болж дээ. Хэрвээ миний хувьд Зэнээ гэдэг хүнд ач холбогдол өгч яриа үүсгэхэд хүрвэл юу ч болов өөрийнхөө хувьд, цаашилбал монголчуудын шинэ сонголтын хувьд эмгэнэл тохиолоо гэсэн үг. Монголын төрийн бодлого Зөвлөлт хүн, маоист хүн хоёрын үүсэл болсон МАХН хүний мэдэлд бүрэн шилжлээгэсэн дүгнэлтэд хүрвэл ёстойл нэгээ үзэхээс өөр аргагүй болно. Энэ удаагийн УИХ ардчилсан хүчнийхнээс бус, ардчиллаас бус, сайн сайхан амьдарч аж төрөхийг хүссэн Монголын эгэл ард түмнээс бус харин цөөн ч гэлээ олон юм шиг аашилдаг үхширмэл сэтгэлгээтэй гишүүдээс нь мөн юмны учрыг хагас дутуу ойлгодог сандлаа сахиж үлдэхийн тулд юу ч хийж чадах удирдах хүмүүсээс нь, “урагшгүй эмд ууцгүй албат” гэгчээр УИХ-ын аппаратаас болж хууль ёсны дөрвөн жилээ гүйцээж чадахгүй халаагаа өгөх болох нь. Үйл явдлын ийм төгсгөл Монголын төрт ёсны төлөвшилд муугаар нөлөөлж болох боловч монголчууд бүгд шатсанаас урагшгүй удирдлагынхаа сандлыг “шатаасан” нь дээр. Шинэ жилийн эхний ажлын өдрийн тэмдэглэлээ ийм өөдрөг бус үгээр өндөрлөөд ч яахав. Монголчуудын ирээдүйг тодорхойлоод түүний төлөө бүхнээ зориулж чадах ахмад, нас тогтсон, насжиж яваа, ургаж буй үе үеийнхнийг нь төлөөлж чадах олон сайхан хүнээр Монгол үндэстнийэнэ эрин дутахааргүй байна.Харин тэдэндээ итгэл итгэл хүлээлгэх л үлдээд байна.
1993.01.05
УИХ ын ачаалал ихтэй цөөн өдрүүдийн нэг өнөөдөр боллоо. Өглөө төр, нийгэм судлалын академтай холбогдсон асуудлыг авч хэлэлцээ. Уг нь мөр шийдчих ёстой асуудал байсан юм. Өнөөдрийн яриад буй зовлонг жилийн өмнөх хуралдаан дээр яг хэлж байсныгаа дурсчихвал даруухан биш болох байх. Өглөө ярьж, ярьж уг асуудлыг дахин сайн боловсруулахаар буцаав. Өнгө байдал нь бас л хагас дутуу шийдчих янзтай. Тэр академийн байр, материаллаг баазыг уралдаан зарлаад, өрсөлдүүлээд аль эзэмшиж чадах байгууллагад нь өгөх хэрэгтэй. Боловсон хүчнийг нь хэрэв тэд өөрсдөө хүсвэл УИХ хажуудаа авч аппаратаа бүхэлд нь өргөтгөж чадваржуулах хэрэгтэй. УИХ-ын хувьд УБХ-аас энэ асуудлаар гаргасантогтоолыг л хүчингүй болгох хэрэгтэй. Ер нь байшин, хүн хоёрт нь тааруулж асуудлыг шийдвэрлэвэл хойтон дахиад л шийдвэрээ эргэж өөрчлөхөд хүрнэ. Өнөөдөр мөн хөдөлмөрийн болон тэтгэврийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцлээ. Тэтгэвэрт гарсан хүнд тэтгэвэр, цалин хоёрыг нь давхардуулж олгоно гэсэн заалтыг хүчингүй болгуулах гэж нэлээд үзээд барсангүй. Хэрэв ийм заалт хойшид үйлчилсээр байвал тэтгэвэр гэдэг зүйл утгаа алдана. Ер нь цаашдаа улсын төсвөөс тэтгэвэр өгдөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлөөгүй тэтгэвэр авдаг тогтолцоо халагдана.
Шимтгэлээ төлсөн бол тэтгэвэр авна, төлөөгүй бол авахгүй. Цаашдаа тэтгэвэр гэдэг ойлголт шимтгэлээ төлсөн хүнд үйлчилдэг жинхэнэ тэтгэвэр гэдэг утгаараа үйлчилнэ. Насныхаа эцэст эдэлж хэрэглэх хангалт тай хөрөнгө зоорь, өмчтэй хүн шимтгэл ч төлөх шаардлагагүй, тэтгүүлнэ гэдэг ойлголт хүнд доромжлол мэт санагддаг болно. Ийм хүн улам олон болж, ийм нөхцөл боломж хурдан бүрэлдэг. Дараа нь “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч Б.Лигдэнг тэтгэвэрт нь гаргаж Ц.Балдоржийг оронд нь тавив. Хүн хүний дотор хөгширсөн атлаа залуу хүнээс илүү цэлмэг сэтгэдэг өвгөн хүн цөөнгүй байх юм даа. Балдоржийн тухай юу ч хэлэхэв. Ийм орчин бүрдсэн хойно ийм үнэр, ийм шийдвэр гарахаас өөр яахав. Хурал нэлээд оройтож тарлаа. УИХ ын гишүүд хэдий ядарсан ч цалин, төсөв хоёроо батлаад л авлаа.
1993.01.06.
Өнөөдөр хэсэг юм хийх гэсэн боловч зовлон жаргал тоочсон хүмүүстэй уулзсаар байгаад өдөр өнгөрчихлөө. Хэлнийхээ хичээлийг эрчимтэй хийх хэрэгтэй байна, МоАХ ны зүгээс шинэ онд хийх ажлын төлөвлөгөө гаргахшаардлагатай байна, хэд хэдэн төсөл боловсруулмаар байдаг. Үндсэн ажлаа хиймээр байдаг. Шинэ он их л шахуу ажлын жил болох нь бололтой. Өдөр манай архивынхан ирлээ. Ардчилсан хөдөлгөөний түүхийг бодитоор, үнэн байлгахад их анхаарах хэрэгтэй. Архивт баримт материал цуглуулах тухай анхных нь зарлалыг завсарлав. Үдээс хойш удаан хугацаагаар хэлнийхээ хичээлийг сэргээж давтлаа. Ц.Энхтүвшин ирж уулзлаа. Нийслэлийн МҮАН ын хорооны ажил овоо цэгцэрч буй бололтой. “Хөх Монгол”чөлөөт үйлдвэрчний эвлэлийгдахин босгох гээд үзвэл яадаг бол. Олон нийтийн эрх ашгийн төлөө ажлыг аяга цайныхаа хийц мэтээр үздэг хүмүүс байх юм.
1993.01.07.
Өглөө гэртээ сууж жаахан ажиллав. УИХ ын өнөөдрийн хуралдаанаар “Мөнгө зээлийн бодлогын талаар 1993 онд баримтлах үндсэн чиглэл”ийг хэлэлцэв. Бид цаасан дээр буулгасан хэдэн тоо харж уурлах нь уурлаж, сэтгэлээ зогоох нь зогоож суухад мөнгө зээлийн бодит бодлого УИХ, Монголбанкны танхим, байрны гадуур хийдгээ хийж л айх бололтой. Нэг үгээр хэлбэл, энэ чухал бодлогыг төр хянаж чадахгүй л байна. Үдээс хойших хуралдаанаар “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” ийг хэлэлцэж эхлэв. Мөн 1993 оны төсвийн төслийнтухай илтгэлийг сонслоо. Дээрх асуудлуудаар байнгын хороодын дарга нарынх нь дүгнэлтийг сонсов.Байнгын хороо бүр шахам өөрийн харьяалсан салбартаа мөнгө нэхэж, бусад салбараас мөнгө хасахыг шаардаж байв. Баахан маргасны эцэст дээрх хоёр баримт бичгийг төслөөр нь л батлах байх. Харин Батлан хамгаалахын төслийг багасгах талаар бараг бүх байнгын хороод ам нээв. Нэг өдрийн өмнө гишүүн Жалбажав “Бид хожим ухаарах юм. Ер нь армид цэрэг таталгүй нэг хоёр жилийг өнгөрөөж дорвитой өөрчлөлт хийх ёстой гэж хэлж байсан чинь үнэн байна. Одоо төсвийн хууль дээр энэ талаар дуугаврвал биддэмжихэд бэлэн байна” гэж хэлж байсан нь учиртай л байх нь. Энэ тухайгаа өөрсдөө хэлж чадахгүй байж яаж дорвитой өөрчлөлтийг хийж чадах юм бол доо.
Үргэлжлэл буй