“Дүнжингарав”-ын ойролцоо хий ачиж явсан машин дэлбэрээд жил гаруй болж байгаа ч тухайн дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны оршин суугчдын хохирлыг барагдуулаагүй байна. Тиймээс өнөөдрийг хүртэл тус байрны оршин суугчид түрээсийн байраар амьдарч байна. Прокурорын байгууллагаас “Дашваанжил” ХХК-ийн удирдлага Н.Б, тухайн компанийн жолооч М.Р нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан 4 иргэн, 3 албан хаагч, нийт 7 хүний амь насыг хохироосон. Мөн ослын улмаас 5 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 1 хүнд хүндэвтэр гэмтэл учирсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 18.8 тэрбум төгрөг гэж тооцоолоод байгаа юм.
“Дүнжингарав”-ын ойролцоо болсон дэлбэрэлтийн улмаас 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан
Харин түрээсийн байранд амьдарч байгаа иргэд өөрсдийн гэрт яаралтай ормоор байгаагаа учирлаж байна. Байр түрээслэх төлбөрийг нь төр дааж байгаа ч хүний байрыг дураараа тохижуулж, өөрчилж болохгүй, байсан хэвээр нь буцааж өгөх гэрээгээр амьдарч байгаа юм. “Хүний байранд гэртээ байсан шиг ая тухтай, сэтгэл өөдрөг байж чадахгүй байна” гэж 207-р байрны оршин суугч Б.Түмэндэмбэрэл ярив. Тэрээр “Өнгөрсөн жил Шинэ жилийн баярын үеэр дэлбэрэлт болсон. Энэ жилийн Сар шинээр бас л зай талбай, аяга таваг, сандал, ширээ хүрэлцээгүй, зочин хүлээж авах, золгох ямар ч боломжгүй байна. Баяр ёслол дөхөх тусам хүмүүс баярлаж байхад, бидний сэтгэл санаа улам л зовж байна” гэв.

Б.Түмэндэмбэрэлийнх ам бүл 6. Уг айлын шатсан эд хөрөнгө, 3 өрөө байр, 2 автомашин зэргийг үнэлж, 110 сая төгрөгийн хохирол учирсан гэж тогтоожээ. Гэвч шүүх түүнийг хэргийн хохирогчоор бус нэхэмжлэгчээр бүртгэсэнд санаа зовж байгаа аж. Учир нь нэхэмжлэгчээр шүүхэд бүртгэгдвэл хохирлоо барагдуулж чадахгүй байх вий гэдгээс болгоомжилж, хохирогчоор бүртгүүлэх хүсэлтэй байгаа шүүхэд уламжилжээ. Гэвч шүүх хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.
207-р байрны оршин суугчдын түрээсийн төлбөрийг 5-р сарын 30 хүртэл төлсөн. Сарын түрээсийн төлбөрт 1.2-3.2 сая төгрөг олгож байгаа аж.