Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгаагаа танилцуулсан. Энэ үеэр Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал С.Жавхлантай ярилцлаа.
Энэ судалгаагаар манай улсын кибер аюулгүй байдлыг ямар түвшинд байна гэж үнэлсэн бэ?
-Тус судалгаагаар кибер аюулгүй байдлын бэлэн байдлыг таван түвшинд үнэлсэн байна. Өнгөрсөн онд Монгол Улс дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноо авч, 193 орноос 103 дугаарт буюу бэхжиж буй түвшинд байна гэж үнэлэгдсэн. Энэхүү судалгааны ач холбогдол нь үүнийг яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарч болохуйц үр дүнгүүд гарсан байгаа. Кибер аюулгүй байдлыг нэг хүн, нэг байгууллага, нэг улс хамгаалдаггүй. Харин нийтээрээ хамгаалдаг систем. Үүний тулд хамгийн чухал нь хамтын ажиллагаа байдаг. Энэхүү судалгаанаас бидэнд нэгдүгээрт, дотоод дахь хамтын ажиллагаагаа сайжруулах зөвлөмж өгч байгаа. Монгол Улсад албан ёсны гурван төв кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг явуулж байна. Мөн хувийн төвүүд байгаа ч үүн дээр нэмж төвүүд байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Манай төвүүдийн хувьд олон улсын хамгийн том кибер аюулгүй байдлын холбооны гишүүн. Тухайлбал, “ЖАЙКА” бол манай хамгийн том харилцагч. Дараагийн зүйл бол технологи буюу хөрөнгө оруулалтын асуудал байгаа. Өнөөдрийн танилцуулж байгаа Оксфордын тайлан дээр манай улсын кибер аюулгүй байдлын зах зээлийг жижиг байна гэж дүгнэж байна. Гэтэл кибер аюулгүй байдлын зах зээлд шаардагдах хөрөнгө нь бидний ойлгодог энгийн мэдээллийн технологиос хэд дахин өндөр байдаг.
–Цахим ертөнц хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах нь чухал болоод байна шүү дээ?
-Тийм ээ. Бид маш хурдан цахимжиж, бүх зүйлээ нээлттэй болгож байна. НҮБ-аас гаргадаг цахим Засаглалын хөгжлийн индексээр манай улс 46 дугаарт эрэмбэлэгдсэн. Өөрөөр хэлбэл, манай улс цахимжилтын индексээрээ урагшилж байгаа ч аюулгүй байдлын эрсдэлээрээ тэргүүлж байна. Хоёр жилийн өмнөхөн л манай улсын хойно явж байсан улс маш хурдан урагшилсан байсан. Үүнд хоёрхон шалтгаан бий. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт сайн, хоёрдугаарт, хүнээ сайн бэлдсэн байсан. Тэгэхээр бидний нэн чухал ажил бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудаа хамгаалах байгаа. Кибер аюулгүй байдлын ажлуудыг зэрэгцүүлээд хийх ёстой. Технологи шинэчлэгдэж байгаа үед хүн дагаад хөгжих ёстой гэсэн үг.Тэгэхээр иргэдийг кибер аюулгүй байдлын талаар мэдээлэлтэй байлгах, өөрийгөө хамгаалдаг болгох нь чухал. Наад зах нь фэйсбүүкийн кодоо алддаггүй телеграм залиланд хууртдаггүй болгох нь бидний маш том зорилт болоод байна.
–Кибер халдлагад өртөх эрсдэл өндөр ямар салбар байна вэ?
-Нэгдүгээрт, төрийн байгууллагууд хамгийн их эрсдэлтэй байгаа. Дараа нь эрүүл мэнд, боловсрол, гадаад харилцааны салбарууд руу чиглэсэн халдлагууд түгээмэл байдаг. Эдгээр байгууллагууд нь “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт”-д багтсан байдаг. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт хүний эмзэг мэдээлэл хадгалагддаг. Эмзэг мэдээлэл алдагдвал хүний нэр төр, эрүүл мэндэд хүртэл асар том хохирол учрах магадлалтай учраас энэ салбарыг их онилдог.
–Олон нийтийг энэ талын мэдээлэлтэй болгоход ямар ажил төлөвлөж байна вэ?
-Бидний хувьд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудад сургалт хийгээд явдаг. Харин нийгэм, олон нийтэд хүргэхэд харьцангуй төвөгтэй байдаг ч энэ тухай контент хийгээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацдаг. Үүнийг сайжруулахын тулд бусад улс орны жишгийг харах хэрэгтэй. Тухайлбал, мэдээлэл болон иргэдийн сэтгэл зүйн аюулгүй байдлаар тэргүүлж байгаа улс бол Финлянд, Швед. Эдгээр улс бол хүүхдүүдэд багаас нь мэдээллийн аюулгүй байдал гэж юу юм, мэдээллийн үнэн зөвийг хэрхэн ялгах талаар хичээл ордог. Үндсэндээ сэтгүүл зүйн мэдээллийн аюулгүй байдлын хичээл ордог гэсэн үг. Тэр нь нийгмийн ухааны хичээл шиг бүтэн улирал орохгүй 4-8 цагийн хичээлийг жилдээ нэг, хоёр удаа орчихдог. Үүнийг зөв шийдэл гэж харж байгаа учраас бид туршиж үзэхээр судалж байна.