Хөвсгөл аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 81 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 41286 суралцагч суралцаж, 1973 багш, 2291 ажилтан, албан хаагч ажиллаж байна.
Цэцэрлэгийн нэг багшид 30 хүүхэд ногдож, хамран сургалт 85.1% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 19 суралцагч ногдож, бага боловсролын хамран сургалт 97.3%, суурь боловсролын хамран сургалт 94.4%-тай байна.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчид орос хэл, Монгол Улсын түүхийн хичээлийн дундаж оноогоо өмнөх оноос ахиулжээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 574 сая төгрөг, хичээл практикийн зардал 758.8 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 189.7 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 1401.5 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 190.6 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 127.3 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 791.7 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 71,8 сая төгрөг, хичээл практикийн зардал 309,9 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 71,8 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 174,6 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 107,2 сая төгрөг тус тус батлагдсан.
Англи хэлний Pearson хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 149 багш, 3-11 дүгээр ангийн 11059 сурагч хамрагдаж байгаа бол математикийн Eduten 1-5 дугаар ангийн 14305 суралцагч хамрагдаж, суралцагчдын идэвх 95,93%-тай байна.
“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2024-2025 оны хичээлийн жилд аймгийн нийт 31 сургуулийн 48% буюу 15 сургууль ашиглаж сурах бичгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн.
Ерөнхий боловсролын сургуулиудын 27 нь буюу 79,4% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 36 нь буюу 78,3% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад 100% мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллаж байгаа бол сургуулиудын 55,9%-д сэтгэлзүйч, 67,6%-д нь хоолзүйч ажиллаж байна.
Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 194,423.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 41,406.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 31 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 14 сургууль, 6 цэцэрлэг, 6 дотуур байр, 1 спорт заал, 1 МСҮТ-ын барилга, 2 их засварын ажил, 1 тоног төхөөрөмжийн ажил байна.
Ариун цэврийн байгууламжийн төсөлд 24 сумын 21 цэцэрлэг, ерөнхий боловсролын 19 сургууль, 42 дотуур байрын 90 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 27 объект ашиглалтад орж 63 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.