ХХОАТ-ыг 1% болгохыг шаардъя


                         Хувиараа хөдөлмөр эрхлэгч 1%

Хувиараа бизнес эрхлэгчид 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 1%-ийн ХХОАТ-төлж байна. ХХОАТ-ын тухай хуулиар цалин, хөдөлмөрийн хөлсний орлого, шууд бус орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, бусад орлого, үйл ажиллагааны орлого гэсэн 6  төрлийн орлогод ХХОАТ ногдуулдаг. Үүний 1 нь үйл ажиллагааны орлого. Үйлдвэрлэл эрхэлдэг, бараа зардаг, үйлчилгээ үзүүлдэг хүмүүс өмнө нь ХХОАТ-т орлогынхоо 10%-ийг төлөх хуультай байв. Гэвч тэр бүр төлдөггүй. Үүнийг 1% болгож, 10 дахин багасгаад бүтэн жил боллоо. Үүний үр дүнд зах, худалдааны төвийн наймаачид, малчид ибаримт олгодог болно гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал жилийн өмнө тайлбарлаж байв. Гэвч түүнийхээр болсонгүй. Хүлээлт талаар болов. Захын наймаачид дунд ибаримт өгдөг хүн тун цөөн байна. Малчид бүр огт өгдөггүй хэвээрээ.

Наймаачин, цахим худалдаачин, үсчин, гоосайханч, гэрээрээ саван үйлдвэрлэгч гэх мэт ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн орлого олох тухай бүр худалдан авагч, үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Орлогынх нь нийт дүнг уг баримтаар тодорхойлно. Хэрвээ орлого нь 50 сая төгрөгөөс дээш гарвал НӨАТ  суутган төлөгч болгоно. Тиймээс тэд үйлчлүүлэгч, худалдан авагчаасаа НӨАТ нэмж авч, татварын байгууллагын ажлыг сайн дураараа хийхийг хүсэхгүй байна. Түүний тулд хүн бүрт баримт өгөхгүй байхад л болно. Нэхсэнд нь өгнө, нэхээгүйд нь өгөхгүй.

2023 оны байдлаар хувь хүмүүс ДНБ-ий 4.7%, татварын байгууллагад төвлөрч буй татварын 9.6%-ийг бүрдүүлж байв. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар төлөгч болгох шаардлагатай байгаа юм. Татварын байгууллага ч үүн рүү зорьж байна. Манай улс цалин хөлс зэрэг идэвхтэй орлогоос 10% татвар авдаг атлаа байр, дэлгүүр, худалдааны төв зэрэг үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсэн орлогоос 1%-ийн татвар суутгадаг. Энэ нь ажил хийж, цагаа бүртгүүлж явснаас хэдэн байр аваад, бусдад түрээсэлж амьдрах сонголт руу хүмүүсийг түлхэж байгаа юм. Түрээслүүлэгчид бас тэр бүр татвар төлөхгүй. Гэтэл гадаадын өндөр хөгжилтэй улсууд үүний эсрэг. Цалингаас бага, түрээсээс их татвар авдаг. Энэ мэт хувиараа орлого ологсдыг татвар төлөгч болгох урхи нь 1%-ийн татвар.

                                         Ажилчид 10%

Хувиараа бизнес хийдэг, хөдөлмөр эрхэлдэг иргэд ийн 1%-ийн татвар төлж байхад ямар нэг байгууллагад харьяалагдан, ажил хийдэг хүмүүс 10%-ийн татварт дарамтлуулж байна. Татварын албаныхан ийм ажилчдыг тайвшруулах ганц үгтэй. Тэр нь “10% бол бусад улстай харьцуулахад өндөр татвар биш. Манай улсын татварын хэмжээ дундаж” гэсэн өгүүлбэр. Одоо ч тэрийгээ хэлж, ажилчдын тархийг угаасаар. Өнөөдүүл нь ч “Надаас өндөр татвар аваагүй юм байна” гэж молгидуулсаар.

“Жилийн 9.6 сая төгрөгийн цалинд ногдуулах татварыг хөнгөлнө” гэж ажилчин хүнийг аргалах ганц заалт ХХОАТ-ын тухай шинэ хуульд оруулах гэж байгаа аж. Сарын 800 мянган төгрөгийн цалингаас авах 80 мянган төгрөгөө л чөлөөлнө гэсэн үг. 800 мянга 1 дэх төгрөгөөс эхлэн, 10%-ийн татвараа авдгаараа авна.

80 мянга гэдэг хэр их мөнгө вэ? Гэтэл хүүхдийн мөнгө 100 мянга шүү дээ. Ийм л мөнгөөр ажилчин биднийг төр маань харж үзэх гэж байгаа сурагтай. Өнөөдөр 80 мянган төгрөгөөр Цагаан сарын таваг засах 15 ширхэг боов ч авч хүрэхгүй байна. Дараа жил 9 боов ч авахгүй. Түүний дараа жил ганц талх л авах биз.

Ийм хөнгөлөлт нэртэй хууран мэхлэлт хийх хэрэггүй. Түүний оронд ХХОАТ-ыг 1% болгохыг бүгдээрээ шаардъя. Далд эдийн засгийн нууц орлогыг иргэд илрүүлж өгсөн. НӨАТ-ын орлогыг өмнө нь байгаагүй ихээр өсгөж өгсөн. Тэрнийхээ зөрүүд ХХОАТ-ыг 1% болгуулах эрхтэй. 

               Тогтмол тооны оронд томьёо тавих хэрэгтэй

Хуулийн төсөл боловсруулагчид нь санхүүгийн мэдлэг муутай юм уу, зориуд тэгдэг юм уу? 6 тэрбум, 9.6 сая төгрөг гэх мэтчилэн тогтмол тоо тавьдаг. Төгрөгийн ханш нь байнга доошоо, талхны үнэ нь байнга дээшээ явдаг манай улс ингэж хуульд тогтмол тоо тавих нь амьдралд нийцдэггүй. Үүнээс болоод хуулиа хэдэн жилийн дараа дахиад шинэчлэх болдог. Хийх ажилгүйдээ ч тэгдэг юм уу гэхээр мэдлэг нь хүрэхгүйдээ л тэгдэг бололтой юм билээ. Татварын хуульд төгрөгийг тоогоор тавих нь маш буруу. Тооны оронд томьёо оруулах ёстойг “Урбанек” компанийн ерөнхий захирал Б.Лхагважаваас эхлээд хуульчид сануулдаг.

УИХ-ын гишүүд нь ч таарсан таар шуудай. Тогтмол тоог нь батлаад өгчихдөг. УИХ-ын гишүүд дотор тоо, тооцоондоо гайгүй хэдэн хүн харагддаг ч ажилчин хүний төлөө дуугардаггүй. Тэд өөрсдийгөө ард түмний төлөөлөл гэж аман дээрээ хэлэх ч үнэндээ аж ахуйн нэгжийг төлөөлдөг. Тиймээс тэд компаниудын ашгийг их, татварыг нь бага байлгахын тулд ажилладаг. Компани бага татвар төлбөл улсын төсвийг ямар мөнгөөр дүүргэх билээ?

Тавантолгойн нүүрсийг зарж олох мөнгө хаанаа ч хүрэхгүй учраас ажилчин ангийг л мөлжихөөс өөр сонголт үгүй. Ингээд хөөрхий ажилчид нохойд барьдаг мод шиг улсын төсөв бүрдүүлэх үүрэг хүлээж, цалингийнхаа бараг талыг татварт дээрэмдүүлж явна. Тэрийгээ ч мэдэхгүй хөөрхий дөө. Үеийн үед ийм л байсан. Үрийн үрд ч тийм л байх юм биш биз дээ, арай?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *