10 гаруй жилийн өмнө Монголчууд сагсан бөмбөгөөр бусад улсуудтай өрсөлдөнө гэдэг боломжгүй мэт зүйл байв. Харин өнөөдөр цаг өөр болж тивийнхээ хэмжээнд өрсөлдөхүйц болж чаджээ.
Энэ нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монгол улсын үндэсний шигшээ баг Гуамын багийг хожиж, сагсан бөмбөгийн түүхэнд тивийн анхны хожлоо авснаар сагсан бөмбөгийн хөгжлөөр Монгол улс ямар хэмжээнд байгааг харуулах тодхон жишээ боллоо. Түүнчлэн Азийн топ Японы багт 10 гаруй онооны зөрүүгээр хожигдож байгаа нь шигшээ баг ямар хэмжээнд хүрснийг үзүүлж буй хэрэг юм.
Жил гаруйн хугацаанд дамнасан Азийн аваргын урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөсөн. Хэдийгээр манай улсын шигшээ баг харамсалтайгаар хэсгээс гарах боломжгүй болсон ч Монголчууд сагсаар Ази тивдээ өрсөлдөх шаанстай, чансааатай болсон гэдгээ харуулж чадлаа.

Манай баг урьдчилсан шатны “С” хэсэгт Япон, БНХАУ болон Гуамын багуудтай таарсан. Ерөнхийдөө хамгийн хүнд хэсэгт багтсан.
2024 оны арваннэгдүгээр сард шигшээ баг Японы Үцүномиягийн “Nikkan Arena Tochigi” цэнгэлдэхэд Дэлхийн чансааны 21-р байрт эрэмбэтэй, олимпын наадамд өрсөлдөгч Японы багтай таарч тоглосон. Энэ тоглолтод 75:93 харьцаагаар Японы шигшээ баг хожсон. Эргэн сануулахад манай багаас А.Энхбаясгалан Японы эсрэг 26 оноо авч гангарсан бол түүний араас 16 оноо авсан үзүүлэлтээр О.Эрдэнэцогт онооны самбарын хоёрт жагссан. Харин ОУХМ Б.Билгүүн 4, Э.Маргад 8, Г.Болор-Эрдэнэ 8, Э.Саруул-Эрдэнэ 8, Т.Ууганбаяр 1, Ч.Ихбаяр нар 3 оноо авсан билээ.
Монголын шигшээ баг тоглолтоос тоглолтын хооронд сайжирч байгаа нь залуу тамирчдаар цус сэлбэж, залгамж халаагаа бэлдэж буй дүр зургаас харагдаж байв. Манай шигшээ багийн ур чадвар сайжирч, өмнөх тоглолтуудад гаргасан алдаагаа давтахгүй, бөмбөг алдалт багасч, тоглолтын найруулга, тамирчдын сэтгэл зүй, ур чадвар өөрчлөгдөж байгаа нь үзэгч бидэнд тоглолт бүрт харагдаж байлаа.
АНУ-аас Э.Маргад, Г.Дөлгөөн нарын тамирчид шигшээ багтаа тоглохоор ирсэн нь сагсан бөмбөгийн хойч үе ямар байгаа гэдгээ батлан харуулав. Өөрөөр хэлбэл шигшээ багийн шинэ залуу үеийн цаг ирж байна. Эдгээр залуу тамирчдаас дараах тамирчдыг онцолъё.
Т.Санчирыг орлох Э.Маргад хүү
Шигшээ багаас Э.Маргадыг онцлохгүй байхын аргагүй. Өдгөө 20 настай тэрбээр Монголын өмсгөлтэй анхны тоглолтыг 2024 оны арваннэгдүгээр сард Японы багийн эсрэг хийсэн. Энэ тоглолтод тэрээр талбай дээр бага хугацааг өнгөрүүлсэн ч 8 оноо авч “Энэ залуу хэн бэ” гэх асуултыг өөр дээрээ төвлөрүүлсэн. Харин Гуамын талбайд зочлон тоглолт хийхэд нийт 16 оноо авч багаа тэргүүлсэн юм.

Талбай дээр маш зоригтой тоглож, сэтгэл зүйгээ удирдаж, өөрийнхөө үүргийг ямар ч эргэлзээ айдасгүйгээр хийж байгаа нь түүнийг дараагийн Т.Санчир гэхэд хүргэсэн. Дөнгөж 20 настай ч Монголын сагсан бөмбөгт өөрийн орон зайгаа хэдийн гаргаж, замаа өнгөлөөд байна. 1.96 метр өндөртэй түүний хувьд АНУ-д ахлах сургуулиасаа эхлэн сагсан бөмбөгөөр тоглох болж улмаар коллежийн түвшинд тоглож буй. Одоо Вашингтон ДС-д байр Виржина мужийн их сургуульд суралцдаг.
БӨХИЙН УДМЫН САГСЧИН ХҮҮ Г.ДӨЛГӨӨН
203 см өндөр, 19 настай Г.Дөлгөөн гэх хүү шигшээ багийн шинэ залгамж халаа болж өөрийн дүрээ тодотгож байна. Дөлгөөн бол Монгол Улсын арслан Д.Ганхуягийн хүү юм. Бөхийн удамтай тэрээр Японы ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байгаад, өнгөрсөн жил АНУ-д очжээ. Ингээд Охайо мужийн Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багт орсон байна. Г.Дөлгөөний хувьд өмнө нь “FIBA 3×3 Nations League, Stop-1,2” тэмцээнд U23 насны эрэгтэй шигшээ багт тоглож, хоёр дараалан түрүүлж амжилтаа ахиулсан тамирчин. Одоо түүний ур чадвараа өсөж яваа. Сонирхуулахад, Г.Дөлгөөн нь 3х3 сагсан бөмбөгийн тоглогч Д.Дэлгэрнямтай хамаатан аж.



БООЛКОГИЙН НАЙРУУЛГА ТОГЛОЛТЫГ УДИРДАНА
Боолко нэрээрээ сагсан бөмбөг сонирхогчдын дунд алдаршсан Г.Болор-Эрдэнэ шигшээ багийн гол тулгуур тоглогч гэхэд хилсдэхгүй. Холбон тоглогчийн байрлалд тоглодог тэрээр өдгөө 22 настай. Нуруу нам ч хурд сайтай, хамгаалалт, тоглолтыг найруулах чадвараараа өөрийгөө ямар түвшний тамирчин гэдгээ харуулаад буй. Ерөнхийдөө Боолкогийн найруулгаар тоглолтыг удирддаг.


Э.Маргад, Г.Дөлгөөн нарын шинэ залуу тамирчдаас гадна О.Эрдэнцогт, А.Энхбаясгалан, А.Азбаяр, Т.Ууганбаяр нарын залуу тамирчид сагсан бөмбөгийн ирээдүйг тодорхойлж байна. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх чадвартай гэдгээ олон түмэндээ батлан харууллаа. Тийм боломж ч бидэнд байна. Сагсан бөмбөгийн ирээдүй гэрэлтэй байна. Шинэ залуу үеийн тамирчдын залгамж халаа дуусах болоогүй ээ.