Монополын эсрэг газарт энэ оны 1 дүгээр сард 240 иргэн гомдол мэдүүлжээ. Тэдний 18 нь банк, санхүү, даатгалтай холбоотойгоор тус байгууллагад хандсан байна.
Иргэдийг Монополын эсрэг газар луу явахад хүргэж байгаа нэг шалтгаан бол ипотекийн даатгал. Энэ даатгал дотроо амь насны, эд хөрөнгийн гэсэн 2 янз байна. Монголын ипотекийн корпорац 3%, 6%-ийн хүүтэй зээл олгохын тулд иргэдийг зээлээ төлж дуустал эд хөрөнгө, амь насаа заавал даатгуулахыг шаардаж байна.
Эд хөрөнгө, амь насны даатгал уг нь албан журмынх биш. Заавал даатгуулах албагүй. Сайн дурынх байх ёстой. Гэтэл эд хөрөнгө, амь насаа даатгуулахгүй бол ипотекийн зээл олгохгүй гэж иргэдийг банкууд хясан боогдуулж байна. Аль ч банк “Зээл олгоход тавих шаардлага” гэсэн урт жагсаалт гаргасан байдаг. Түүн дотроо “Ипотекийн даатгалд даатгуулсан байх” гэсэн нэг шаардлага нэмжээ.
Орон сууцны зээл авсан хүн бүх төрлийн өвчин, гэнэтийн ослоор амиа алдах, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн болон түр алдах үед тухайн даатгалаар уг хүний зээлийн үлдэгдлийг нөхөн төлөх зориулалттай. Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадварынхаа 70 болон түүнээс дээш хувийг бүрэн алдсан бол үлдсэн зээлийг бүрэн төлнө. Харин түр алдсан бол ажил хийх чадваргүй байх хугацаанд нь зээлийг нь төлөх учиртай. Бие нь эдгэсний дараа тэр хүн зээлээ өөрөө үргэлжлүүлэн төлнө гэсэн үг.
Банкууд ипотекийн зээл хүссэн иргэдэд ямар шаардлага тавьж буйг сонирхож үзлээ. “Голомт”, “Хас”, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк ипотекийн зээл авахыг хүссэн хүмүүст зээл нь гарсны дараа эд хөрөнгө, амь насаа даатгуулах ёстой гэсэн шаардлага тавьсан байлаа. “Хаан” банк зээл хүсэгчийг хамтран зээлдэгчтэйгээ хамт зээлдэгчийн амь насны даатгалд даатгуулах, барьцаа хөрөнгөө үл хөдлөх хөрөнгийн даатгалд даатгуулахыг шаарджээ. “Капитрон” банк амь нас, эд хөрөнгө гэж тодорхой заагаагүй ч зээлийн гэрээ байгуулбал гэрээний хугацаанд даатгалд хамруулахаа мэдэгдсэн байв.
Худалдаа хөгжлийн банк, “Хаан” банк амь насны даатгалыг зөвхөн ипотекийн зээлд ч биш, банк өөрийн хөрөнгөөр зээл олгохдоо ч амь насаа даатгуулахыг шаарддаг болжээ. “Голомт”, Төрийн банк одоогоор өөрийн зээлдээ ийм шаардлага тавиагүй байна.
Даатгалын үнэлгээ нь гэрээний эхний жилд үндсэн зээлийн дүнтэй тэнцүү байна. 2 дахь жилээс эхлэн зээлийн графикт заасан үндсэн зээлийн үлдэгдэлтэй тэнцүү болно. Одоо банкууд ипотекийн 3% болон 6%-ийн зээл авч буй иргэдэд 150-160 сая төгрөг өгч байна. 150 сая төгрөг зээлсэн хүн амиа эхний жилд 150 сая төгрөгөөр, 2 дахь жилд 149 сая, 3 дахь жилд 147 сая… 29 дэх жилд 100 мянган төгрөгөөр даатгуулна гэсэн үг.
Зээлдэгч болон банкийг эрсдэлд оруулахгүй байх зорилготой энэ даатгалд 18-60 насныхан хамрагдах боломжтой аж. Даатгалын хураамж нь тухайн хүний нас, эрсдэлийн түвшин зэргээс хамааран 0.04%- 0.11% байна. Тэгэхээр 60-165 мянган төгрөг даатгалд төлнө. Залуу, эрүүл хүн 60 мянгыг, ахимаг насны, бие муутай бол 165 мянгыг танаас авах нь ээ.
Гэтэл 150 сая төгрөг банкнаас зээлчихсэн хүн орон сууцныхаа зээлд сар бүр хамгийн багадаа 850 мянган төгрөг төлнө. Үүн дээр эд хөрөнгийн, амь насны даатгалын 120-330 мянган мөнгийг нэмбэл чамгүй мөнгө болж байна.
Монголын ипотекийн корпорац зээлдэгчид тавих шалгууртаа “Зээлийн хугацаа дуустал эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдах” гэсэн шаардлага оруулсан байна. МИК-т нэгдсэн бүх банк үүнийг дагаж мөрдөнө. Үүнийг дагаад даатгалын компаниуд “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”, “Зээлдэгчийн эд хөрөнгийн даатгал” гэх мэт үйлчилгээ бий болгожээ. Энэ нь даатгалын компаниуд маш ашигтай тусаж байгаа юм. Үүнийг баримтаар харуулъя.
2023 онд 1.5 сая даатгуулагч даатгуулсан нь өмнөх оноос 15.1 хувиар өссөн үзүүлэлт. Даатгалд хамрагдах хүн, аж ахуйн нэгж олширч байна гэсэн үг. Гэвч тэдний олонх нь хүчээр даатгуулсан байна. Жолоочийн хариуцлагын даатгалд хуулиар заавал хамрагдана. Үүн дээр нэмээд, ипотекийн зээл авсан хүн бүр тухайн байраа, өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамтран зээлдэгчтэйгээ хамт хүчээр даатгуулж байна. Ипотекийн 1 зээлдэгчийн ард 2 даатгуулагч бий болдог гэсэн үг. Нийт даатгуулагчийн 52.2 хувийг албан журмын, 27.4 хувийг сайн дурын, 0.1 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлжээ.
2023 онд даатгалын хураамжийн орлого 392 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилээс 30.4 хувиар өссөн байна. Даатгалын хураамжийн 87.2 хувийг сайн дурын даатгал, 12 хувийг албан журмын даатгал, 0.8 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байна. Нийт даатгуулагчийн 17.2 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байна.
One response to “Бүх банк амь насаа даатгуулахыг шаардаж байна”
ипотект хамрагдсан байраа барьцаанд тавиад зээл авч байгаа хирнээ дээр нь бас даатгал төлнө гэдэг бол утгагүй нугалаа гаргаж байна . даатгал сайн дурынх байна гэдэг хаа байна .