Сагсан бөмбөгийн ертөнцөд ОУХМ Б.Билгүүнийг мэдэхгүй хүн ховор. “Хасын хүлэгүүд” гэх тодотголтой Томми өчигдөр үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс гарч буйгаа зарлав. Энэ мэдээ сагсан бөмбөгийн спортыг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн хувьд том бөгөөд харамсалтай мэдээ боллоо.
Шигшээ багийнхаа төлөө 10 гаруй жил зүтгэсэн тэрээр өнөөдөр энэ үүргээсээ чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Хэдий түүнийг “нас нь болоогүй” гэж үзэж буй олон хүн байгаа ч үүнийг тэр удаан бодож байж шийдсэн биз ээ.
Гэхдээ сагсан бөмбөгийн спортод Б.Билгүүний гүйцэтгэсэн үүрэг их. Ганц жишээ дурдвал: “Хасын хүлэгүүд” багтаа 10 гаруй жил тоглож, нийтдээ 9 удаа дээд лигийн аваргын төлөө өрсөлдсөн билээ. Тиймээс яах аргагүй “Хасын хүлэгүүд” багийг Б.Билгүүнгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Долоодугаар анги буюу 14 настайдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн тэрээр амьдралынхаа 20 гаруй жилийг энэ спортод зориулжээ. Түүний мэргэжлийн тамирчин болох гараа БНСУ-аас эхэлсэн түүхтэй.



Б.Билгүүнийг дунд сургуулийн гуравдугаар ангид байхад нь дасгалжуулагч И Ху Гён (одоо Дунгүг их сургуулийн багш, дасгалжуулагч) сагсан бөмбөг тоглох авьяасыг нь олж харжээ. Ингээд түүний саналаар Б.Билгүүн 2007 онд Сөүл хотын Дэжин ахлах сургуульд суралцжээ. Дараа нь Дунгүг их сургуульд элсэн орохоосоо өмнө Монгол руу буцсан аж. Тэрээр нутаг буцсан шалтгааныхаа талаар “Жилд ганцхан удаа гэр бүлийнхэнтэйгээ уулзана гэдэг хэцүү байсан” хэмээн ярьсан байдаг.
Үүнээс өмнө Томми 2005-2006 онд “Баганат-Өргөө” багаас үндэсний дээд лигт тоглож, дебютээ хийсэн байдаг.
Түүний цахилж явсан цаг хугацааны нэг хэсэг нь яах аргагүй 2014 оны Инчоны Азийн 17 дугаар наадам. Тэр уг наадмын хамгийн дуулиан тарьсан оддын нэгээр нэрлэгдсэн. Монгол Улсын шигшээ баг тоглолтууддаа амжилттай оролцож, Б.Билгүүн ч хувийн амжилтаа ахиулсан наадам байсан.



Тухайн үеийн Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд байсан 12 тамирчдаас 7 нь Б.Билгүүнээс ах боловч Б.Билгүүн багаа ахлан тоглосныг “Азийн эдийн засгийн сэтгүүл” сонины сэтгүүлч И Жун Гил онцолсон байдаг.

Одоогийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Билгүүн хамгийн ахмад нь. Тийм хэдий ч одоо болтол энэ спортод нэр, амжилтаа дархалсаар байгаа. Сүүлд үндэсний шигшээ багаа ахлан, Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад оролцохдоо багийн ахлагч, лидер тоглогч гэдгээ ч бататган харуулж, шигшээ багийнхаа залуу тоглогчдод чиг, зөвлөгөө өгч, өөрийн биеэр үлгэрлэв.
Тэр Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын талбай дээр зочлон тоглоход 6 оноо авч, самбараас 4 бөмбөг аван, 1 бөмбөг тасалсан. Гуамын талбайд тоглоход, эхний хагаст 8 оноо, самбараас 4 бөмбөг авч, 1 бөмбөг дамжуулан, 3 бөмбөг тасалсан.
Харин хэсгийн хамгийн сүүлийн тоглолтоо Японы багтай хийхэд нийт 10 оноо, самбараас 2 бөмбөг авч, 2 бөмбөг дамжуулсан. Энэ бол түүний хувьд шигшээ багийн бүрэлдэхүүнээс хамгийн ахмад нь ч гэлээ туршлага, ур чадвараараа лидер гэдгээ бататган харуулж буй том баримт юм.

Уулыг цас, эрийг нас гэдэг үг байдаг. Юм бүхэн ээлж, халаатай гэдэгчлэн шигшээ багийн бүрэлдэхүүн залуужиж, чадвартай, авьяастай шинэ залуу үеийнхэн сагсан бөмбөгийн залгамж халааг үргэжлүүлэн авч явна. Гэсэн ч сагсан бөмбөгийн спортод олон улсын хэмжээний мастер Б.Билгүүний гүйцэтгэсэн үүрэг асар их гэдгийг энд дахин дурдъя. Одоогийн лигийн шинэ залуу тамирчид ч түүнийг шүтдэг, тоглолтыг нь харахын тулд догдлон тэмүүлдэг байсан нь лав. Одоо төрж байгаа шинэ залуу үеийнхний ч үлгэр дуурайл, олон хүүхдийн сагсан бөмбөгт дурлах шалтгаан нь яалт ч үгүй “Б.БИЛГҮҮН” билээ…



Түүний хувьд сагсан бөмбөгийн од тамирчин байхын сацуу тамирчдынхаа төлөө үргэлж дуугардаг, Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг нэгэн юм. Томмигийн талбай дээр өнгөрүүлсэн он жилүүд, зааланд урсгадаг хөлс, гаргасан амжилт бүр нь сагсан бөмбөгийн түүхийн салшгүй нэг хуудас юм. Түүнд авч үзээгүй шагнал, хүртээгүй түрүү гэж байхгүй. Гагцхүү дахин Азийн наадамд эх орныхоо өмнөөс шигшээ багийнхаа хамт тоглох нэр хүндтэй үүргээсээ л холдлоо. Гэлээ ч түүний орон зай, талбайн дүрийг нь орлох нэгэн энэ спортод байхгүй. Тийм л өөрийгөө харуулсан, тодотгосон шилдэг тамирчин юм.
Сагсан бөмбөгийн спортод зориулсан хөлс хүч, нөр их хөдөлмөр, он жилүүд, шигшээ багийнхаа төлөө зүтгэсэн хичээл зүтгэлд нь баярлалаа, Б.Билгүүн….