Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргаар дэд хурандаа Мөнхбаатарын Чинбатыг томиллоо. ЦЕГ-ын Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандоржоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Дундговь аймагт очиж, ажлыг нь хүлээлцүүлэв.
Тус аймгийн засаг дарга С.Мөнхчулуун Цагдаагийн газрын шинэ даргатай уулзан, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үр дүнд хүргэх, нийтийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байлгахад анхаарахыг хүсжээ. Тус аймаг стандарт шаардлагад нийцэхгүй, бүх жин зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс хэтэрсэн, стандартын бус хурц, өсгөгчтэй гэрэл суурилуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхад анхаарч буй аж. Энэ чиглэлийн хяналт шалгалтад онцгой анхаарч, 100 хувь таслан зогсоох, аймгийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр гэрээ байгуулан санаачилгатай ажиллах чиглэл өгчээ.
