“Хурдхан битүүн болоосой” гэж бодон, маргаашийг хүлээхэд нойр хулжина. Арцны үнэрээр өндийж харвал ээж пийшингийн хоолой дээр арц уугиулангаа “Босоорой. Битүүн болчихлоо шүү” гэв. “Юу вэ. Унтаж амжаагүй байтал өглөө болчхож байгаа юм уу? Битүүнийг хүлээгээд шөнөжин хэвтчихсэн юм байх даа. Тийм удаан хэвтээгүй дээ. Орондоо ороод, жаахан л хэвтэхэд, зуухны таг дуугарсан даа” гэж гайхангаа ухасхийн босоход бие хөнгөн, нүд анилдсангүй. Унтсан ч юм шиг. Унтаагүй ч юм шиг. Мэдэхгүй ээ. Ямар ч байсан битүүн болчхож. Цаанаа л нэг баяр төрөөд явчхав. “Битүүн болчхож ээ. Босоорой, босоорой” гэж намайг чанга хэлэхэд дүү нар ч ухасхийн босоцгоов. “Жаахан унтчихъя л даа” гээд толгой дээгүүрээ хөнжлөө бүтээдэг дүү нарын чих энэ өглөө зөөлөрчээ.
Ер нь Цагаан сард бэлтгэж эхэлсэн мөчөөс л бүх хүний чих зөөлөн, үг аядуу, ааш эелдэг болдог юм. Сонин шүү. Нөгөө талаасаа их гоё. Дандаа ийм байгаасай. Үүрд иймээрээ үлдээсэй гэмээр. “Усаа хурдан аваарай. Замаараа тоглоод алга болчив. Би бас харимаар байна шүү” гэж зандардаг худгийн эгч хүртэл “Танай угаалга дуусах нь уу. Эгч нь ингэсхийгээд хүүхэд суулгачихна. Худаг 10 болтол онгойно. Санаа зоволтгүй. Усаа хангалттай аваарай” гэж эелдгээр хэлнэ. Цагаан сарын бэлтгэл эхэлсэн цагаас хүүхэд бидний худаг явах тоо олширно. Арайхийж усаа аваад очиход л өмнөхийг нь дуусгачихсан байна. Гэсэн ч дахиад л явна. Бээлийгээ бидонтой наалдаж хөлдтөл, ороолт цан хүүрэгтээ нортол ус авна. Цагаан сард бэлтгэж байгаа гэж бодохоор цаанаасаа л бяр орох шиг. Усанд өдөржин яваад, ээжийг “Одоо болсон” гэж хэлэхэд л ядарснаа мэднэ. Цагаан сар тэгж хүүхэд бидэнд хүч оруулдаг байлаа.
Ээжид ч бас хүч өгдөг байсан биз. Хэцэн дээр хөлдсөн, угаасан юмсыг харахад ойлгомжтой. Жирийн үед хэрэглэдэг хэцэн дээрээ нэмж, 3 давхар хэц татаад, дүүргэчихдэг юм чинь. “Өнөөдөр Цагаан сарын угаалгатай” гэж ээжийг хэлэхэд л аав эвхсэн мяндсан утас гаргаж ирээд, хашааны нэг булангаас нөгөө булан хүртэл хэдэн давхар хэц татдаг юм. Угаалгын машин байгаагүй, гараар юмаа угаадаг байсан тэр үеийг бодоход одоо өөрийн эрхгүй халгадаг. Өдөржин угаана, өдөржин ус зөөнө шүү дээ. Харин тэр үед тэгдэггүй л байсан юм. Цагаан сар тийм хүч өгдөг байсан юм.

Ээж хэдийнэ цайгаа чанажээ. Тэгэхээр би унтсан л юм байна. Хөнжил, гудсаа гадаа гаргаж хашаан дээр тохоход, аав ээж хоёр сэгсүүргэн дээл, ямаан дахаа хэдийнэ гаргачихсан байлаа. Хүйтэн жавар, цэвэр агаарт ингэж эд хэрэглэлээ ариутгаж, тоосыг нь гөвж, байгалийн үнэр шингээнэ.
Дараа нь гутлаа гялтганатал тосолж тавив. Гутлын тос тэр үед барагтай олдохгүй. Байсан ч Цагаан сараар өмсөх гутлыг түүгээр дангаар нь тослохгүй. Нэг л өнгө орж өгдөггүй юм. Гутлын тосон дээрээ тогооны хөө нэмээд тослоход шинэ гутлаас ч гоё болно. Гутлын тос байхгүй бол гахайн өөхөн тосыг хөөтэй холино. Зориулалтын тосноос дутна гэж ёстой үгүй. Цагаан сарын гутал тослох ажлыг голдуу аав сайн дураар хийдэг ч аавыг завгүйд би хийнэ. Гадаа гарч суугаад, аавын, ээжийн, өөрийнхөө, дүү нарынхаа гутлыг гялтганатал тослоод, харахад урамтай. Аавын орос хром л хамгийн сайн өнгө ордог байлаа.
Урд өдөр нь угаасан цагаан хэрэглэлүүдийг бүгдийг нь индүүдэн, орны хөшиг, аравч, зурагтын бүтээлэг гээд хамаг зүйлсийг байр байранд нь оруулахад гэр гэгээ татна. Одоогийнх шиг буйдан, зурагтын тавиур энэ тэр гэж байсангүй. Зурагтаа ширээн дээр тавиад, тугалынхаа хажууд бүжиглэж буй охины хатгамалтай цагаан даавуун бүтээлэг углана. Одоогийнх шиг хавтгай биш, дөрвөлжин том зурагтаа тэгж л тоос, шорооноос хамгаалдаг байлаа. Авдар дээрх нугастай толио сонингоор арчаад, дээгүүр нь хатгамалтай цагаан даавуу унинаас унжуулна.
Аавын пүрштэй төмөр орны араар Оросын 3 баатартай шар аравч татна. Энэ аравчин дээрх зураг бол Виктор Михайлович Васнецовын “Баатрууд” уран зураг. 1881-1898 оны үед зурсан гэж урлаг судлаачид үздэг. 295.3 х 446 см хэмжээтэй эх зураг нь одоо ОХУ-ын Москва хотын Третьяковын галерейд бий. Оросын түүхийн хосгүй бүтээлд тооцогддог уг зурган дээрх баатрууд нь бодит хүмүүс. Хилэн хар морьтой, бавгар сахалтай баатар бол Илья Муромец. Энэ хүн Орост алдартай. Тэр 1188 онд Киевт нас баржээ. Цагаан морьтой, сахалтай баатар бол Добрыня Никитич. Зээрд халзан морьтой, сахалгүй, залуу баатар бол Алёша Попович. Добрыня Никитич, Алёша Попович нар 1223 онд Монголын Эзэнт Гүрэний байлдан дагууллын үеэр Бат хааны цэргүүдтэй Калька голын дэргэд гарамгай тулалдан, амиа алдацгаасан юм. Энэ хоёр Илья Муромецтой хэзээ ч уулзаж байгаагүй ч зураач “Баатрууд” зургандаа хамтад нь зурсан байдаг. Тэдний тухай хүүхэлдэйн киног нь одоогийн хүүхдүүд сайн мэднэ.

Энэ 3 баатар манай гэрийн хойморт олон жил заларсан даа. Байсхийгээд нүүж суудаг манайх гэрт орохоороо энэ аравчийг хойморт татаж, байшинд орохоороо далд хийчихдэг байв.
Ээжийн орны араар аргаль, янгирын, миний орны араар тахийн зурагтай хөх аравч татна. Төмөр орныхоо хөлд хэрээсэн хатгамлаар хээ угалз хатгасан цагаан даавуу татаж, орон доорх хөндийг харагдахгүй болгоно. Хөнжлүүдээ жимбийтэл эвхээд, хатгамалтай цагаан даавуун уутанд хийнэ. Дэр ч бас тийм ууттай. Манайх, ер нь бүх айл гэрээ цагаан даавуун дээр урласан хатгамлаар гоёдог байлаа. Шүдний оо, сойз, хэлийн хусуур, сам хийдэг ариун цэврийн булан гэх хатгамалтай цагаан даавууг гоожуурын хажууд, хананд тогтооно. Ийн цагаан хэрэгслүүдээ татахад, хэд хоногийн өмнө угааж, хийсэн цавагтай хоршоод, гэр бүхэлдээ цагаан болж, Цагаан сард бэлэн болох шиг санагдана.
Тослоод гадаа тавьсан гутал, гаргасан гудас, хөнжил, дээл, дах гээд бүх хувцсаа бүрэнхий болохоос өмнө оруулна. Гадаа хувцас, эд зүйл хонуулахыг зөвхөн битүүн ч биш, бүх өдөр цээрлэдэг.
Дараа нь өөрсдийгөө цэвэрлэснээр аарц чанаж уун, тавгийн идээгээ засаж, буузаа жигнэн, гоё хувцсаа өмсөн, битүүлэх ёслол эхэлнэ. Манайх гүрмэлээрээ 3 үе идээ засдаг. Ганц гүрмэл давхарласан хэвийн боовтой тэнцэхүйц учир цөөхөн үеэр зассан гэхээргүй, сайхан идээ болдог юм. Түүн дээр тавих еэвэн миний арааны шүлсийг эрхгүй гоожуулдаг байлаа. Шанз нь ямар амттай гээч. Одоогийн еэвэн ч дээ. Түүний дэргэд еэвэн биш. Цагаан сар дуусаж, идээгээ хураахаар түүнийг л идэхийг хүснэ. Тэр сайхан амттан Цагаан сараар л дэлгүүрт ирнэ. Хөдөөгийн, сумын дэлгүүр болохоор тэр байх л даа. Нийслэл, аймгийн төвд бол Цагаан сараас ч бусад үед олддог байсан байж магад. Чихрийн цаасны 2 талын мушгисан хэсэгт хүүхдүүд бид хуруугаа хийн бөмбийлгөж, гоё хэлбэр оруулна. Энэ нь идээндээ үзэмж нэмэх арга. Цагаан сараар ямар ч айл гэрээ цэмцгэр, идээгээ үзэмжтэй, өөрсдөө ёс төртэй байхыг эрхэмлэнэ. Энэ нь зочноо хүртэхүйн бэлгээр дайлж байгаа ёс юм.

Ээж зүүн хатавчин тушаа унинд хавчуулсан улаан харганаа сольж, нутгаас захиж авчруулсан шинэ харгана хавчуулна. Улаан харгана гэрт муу юм, ад зэтгэр орох үүдийг нь хаана. Энэ бол манай Ховдын ёс. Манай нутгийнхан улаан харганыг ад, зэтгэрээс хамгаалагч гэж үздэг. Аав гадна тотгон дээрээ 3 мөс тавьж, гэрийн хаяанд цас овоолно. Алтай ханы эзэн Цастын цагаан өвгөний замыг засан, угтан авч, хүндэтгэн зочилж байгаа нь тэр. Цаст өндөр Алтайн эзэн урт цагаан сахалтай өвгөн Алтайг шүтэх ард олныг битүүний өдөр эргэж тойрдог гэнэ лээ. Цагаан өвгөнийг ирэхэд, цог жавхлантай, халуун дулаан, цэвэр цэмцгэр, хайр энэрэл дүүрэн байвал тэр айлыг ивээлдээ авч, хишиг буянаа хайрладаг гэлцэнэ.
Битүүний орой ээж хонины атгаал чөмөг чанаж, аавд өгнө. Аав түүнээс хүн бүрт хүртээгээд, сайтар мөлжиж, “Битүү хагална аа” гээд чөмгийг нь ташна. Зүүн гартаа чөмгөө, баруун гартаа хутгаа бариад, “Хаан, хаан сонс оо! Хатуу жил ирж явна аа. Хатуу жил явна аа. Хөнгөн жил ирнэ ээ. Битүү хагалах уу?” гэж асуухад бид бүгд “Сонслоо. Битүү хагалъя” гэж хариулна. Тэгэхэд аав “Бүүр жил явлаа. Ботгон жил ирлээ. Даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, ишиг хэрсэнтэй, ботго бөхтэй, тарган сайхан гарлаа. Битүү хагалах уу?” гэж асуувал бид “Хагалъя” хэмээн гайхан харж суудаг байв. Аав “Гучин гучин сонс оо! Луу жил гарлаа. Могой жил ирлээ. Атгаснаан тавьтан. Аньснаан халиатан!” гэж хэлээд чөмгийг хуга ташихад, бид “Битүү хагарлаа” хэмээн уухайлна. Ийн чөтгөрийг дарж, муу муухайг зайлуулаад, битүүний зоог эхэлнэ.
Битүүний буузан дотроос зоосон мөнгө гарч ирсэн хүн хамгийн их баярлаж, ирэх жилдээ азтай, хийморьтой явах нь гэж бэлгэшээнэ. “Миний буузан дотор мөнгө байх вий” гээд хүн бүр болгоомжтой иднэ. Айлд битүүлж байгаад, буузан доторх мөнгийг нь хазан, шүдээ өвтгөх шахсан хүн ч байдаг. Зарим айл 1 буузанд мөнгө, бас 1 буузанд жамц давс хийж, мөнгө таарсныг нь азтай, давс таарсныг нь азгүйд тооцсон явдал ч дуулддаг. Үүнийг ёс мэдэх хүмүүс “Цагаан сараар бэлгэгүй юм хийлээ. Давстай бууз таарсан хүн сэтгэлээр унана. Сэтгэлийг нь дагаад, азгүй явдал тохиолдож мэднэ. Хүний сэтгэлийг өргөх ёстой болохоос гундаах ёсгүй” гэж буруушаасан тухай яриа ч дуулдсан юм даг.
Битүүний өдөр бидэнтэй зэрэгцэн банхар маань баярлана. Сүүлээ хондлой дээрээ агсчихаад, биднийг орж гарах тоолонд ямар нэг сайхан зүйл болоод байгааг мэдэрсэн янзтай үнэрлэнэ. Тэгснээ сүүлээ шарвагнуулна. Битүүнд хүнээс гадна мал, амьтад ч битүүлэх ёстой гээд банхраа өдөрт 3 удаа цадтал хооллоно. Бүх айлын ноход Сар шинээр гэдэс гарна даа.
Битүүний орой ээж бидэнд таваг дүүрэн халуун бууз, данх цай бариулж “Хөршийнд оруулж өгөөд ир” гэж явуулна. Дүүтэйгээ хамт түүнийгээ бариад хөршийнд ороход, атга атга чихэртэй буцаж ирнэ шүү дээ. Удалгүй араас хөршийн хүүхэд цай, буузаа бариад орж ирнэ. Цагаан сарыг Малчдын баяр, Нэгдэлчдийн баяр гэж нэрлэн, малчин, нэгдэлчнээс бусад хүн тэмдэглэхийг хориглосноос болоод айлууд ийн битүүлгийн идээгээ хүүхдээр нэгнийдээ сэм өгүүлдэг болжээ. Цагаан сарын баярыг эргүүлэн сэргээснээс хойш том хүмүүс битүүлгийн идээгээ бариад, гэр бүлээрээ нэгнийдээ зочлон, битүүлдэг болсон юм. Сумын төвд хөршүүд, хөдөө бол саахалтынхан ингэж нэгнийхээ буузыг шинжиж, амтыг нь магтан, бэлгэтэй үг хэлцгээнэ. Ер нь бол хамт хийсэн, хамжиж чимхсэн бууз шүү дээ. Гэсэн ч айл айлын бууз өөр л болдог юм даа.
Битүүнд хамгийн сүүлд хийдэг үйл бол Долоонбурханд өргөх өргөл. Долоонбурхан одны шанага тэгшрэхээр ээж дээл, бүс, малгай, гутал гээд бүх хувцсаа иж бүрэн өмсөж, сүүгээ аваад гарна. “Шанага яагаад заавал тэгш байх ёстой вэ” гэж асуувал ээж “Шанаганд нь сүү хийх гэж байгаа юм. Чамайг шанагаа тэгшхэн барихгүй бол сүү асгарна биз дээ. Сүүгээ асгахгүйн тулд шанага нь тэгшрэхээр хийж байгаа юм” гэж тайлбарласан. Бие цэвэр, сэтгэл ариун, үг бэлгэтэй байж, тухайн жилийнхээ отгон өдрийг үдэх нь монгол ёс юм даа.