Цагаан сар монгол хүнийг жинхэнэ монгол болгодог


Хүүхэд байхдаа Цагаан сарын баярыг ямар их хүлээдэг байв аа. Томчууд буузаа чимхэж, боовоо хийж эхэлсэн өдрөөс л Хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг хоног тоолон хүлээнэ. Өнөөдөр өнгөрвөл маргааш болно. Маргааш ирэхэд, дахиад л маргаашийг хүлээнэ. Маргаашаас маргаашийг туулсаар хүсэн хүлээсэн Цагаан сар ирдэг сэн. Шинийн 1-ний өглөө туулай цагт босвол тэр жилдээ сэцэн туулай шиг ухаантай, сэргэлэн, хурдан байж, хийморьтой явна гэж бэлгэднэ. Ер нь туулай шиг байх гэсэндээ ч биш, энэ өглөө Монгол даяараа хэнээр ч дуудуулахгүйгээр, сэрүүлэг тавихгүйгээр туулай цагт босдог. Нойр ихтэй хүүхдүүд бид ч 6 цагт сэрнэ. Сэрмэгцээ шууд босно. Цагаан сар ийм л шидтэй. Отгон дүүг 2 ой хүрсэн жил “Сэвлэгийг нь үргээгээгүй юм чинь унтаж л байг” гэсэн удаатай.

Сар шинээр хар цай чанадаг айл ер байхгүй. Сумын төвийн, үнээгүй манайх мэтийн айл шимийн сүү олдохгүй бол заавал хуурай сүү олж авна. Шинийн 1-ний өглөө ээж сүү хөөрүүлж, бүгд аяга бүлээн сүү ууна. Аяга сүүг гэрийн бүх хүн тойруулан ууж болдог.

Шинийн 1-ний өглөө овоон дээр гарах хориотой учир аав хашаан дотроо цас овоолон, оройд нь мод хатгаж, цагаан даавуу уяна. Нар мандмагц түүнийгээ овоо гэж төсөөлөн, бид бүгдээрээ Нар зөв тойрч, мөрөө гаргана. Айлчин ирэхээс өмнө цагаан даавуутай модоо авчихна. Тэгэхэд хүүхдүүд тоглохоор овоолсон цас мэт харагддаг байлаа.

Ээж шинийн 1-ний өглөө цайныхаа дээжийг тусад нь тавин хөргөх зуураа иж бүрэн хувцаслаад, гарч Наранд дээжээ өргөнө. Цайны дээжийг хорхой, шавж, нян, сүнс гээд олон амьтан хүртдэг учир хөргөж өргөх ёстой. Халуун цайгаар тэр олон амьтныг шалзлахыг цээрлэнэ. Хүний нүдэнд харагдах, харагдахгүй тэр олон амьтанд дээжээ хүртээх нь чухал.

Ээж минь одоо ч дээж өргөхдөө “Цөөг хайрхан, Цөөг хайрхан” гэж дууддаг. Цөөг хайрхан гэх уул Ховд нутагт нь байдаг гэж л боддог байлаа. Дараа нь мэдэхэд тийм уул байсангүй. Нэр нь солигдсон байж болох талтай. Хүн төрөлхтөн анх үүсэхэд Цөөг хайрхан гэх сүмбэр уул байжээ. Түүнд хүмүүс зулаг өргөж, Цөөг хайрхан гэж дуудсанд уулын эзэн тэдэнд тусалсан гэх домогтой. Тэр цагаас хойш Цөөг хайрханд зулаг өргөдөг болсон гэнэ. Торгуудууд цацлыг зулаг гэдэг.

Торгуудын цагаалах ёсны нэг онцлог бол хадагны оронд цагаан даавуу барина. Тэмүжин Их Монгол Улсыг байгуулж, Дээд тэнгэрээс Чингис цол хүртэн, хаан сэнтийд залрахдаа цагаан дээл өмссөн гэдэг. Тэр үед монголчууд гашуудлын ёслолд л цагаан хувцас өмсдөг байсан ч Чингис хаан “Би хагас өнчин хүн. Өнчирсөн монголчуудаа нэгтгэв” гээд шаргалдуу цагаан дээл өмссөн гэнэ лээ. Тэгэхээр цав цагаан бол гашуудлын өнгө, шаргалдуу цагаан бол хааны, эв нэгдлийн, эрчүүдийн өнгө болж л дээ. Тэр үеэс уламжилсан ёсоо баруун аймгийнхан дагаж, эрчүүд нь цагаан дээл өмсөн, зун цагаан даавуугаар толгойгоо ороож, эмэгтэйчүүд дээлийнхээ захыг цагаан өнгөөр хийн, бүгд цагаан давуу барьж золгодог юм. Цагаан сараар цагаан давуу бэлэглэдэг уламжлал ч бий.

Хүүхдүүдэд цагаан даавуунд боосон чихэр, боов өгнө. Шаргалдуу цагаан өнгөтэй гэж бэлгэшээн, 1 төгрөгөөр багачуудын гар цайлгана. 1 төгрөгөөр 10 ширхэг жижиг эсвэл 2-3 ширхэг том чихэр авна. “Сөгнөгөр”, “Хавар”, “Тогос”, “Эрдэнэт” зэрэг том чихэр 3 ширхэг, “Алтаншагай”, “Унага”, “Од”, “Хандгай”, “Сарлаг” гэх мэт чихэр 3 ирдэг юм. Би бол хатаасан алим 100 граммыг эсвэл “Гүйлс” гэдэг чөмөгтэй чихэр авдаг байлаа.  

Тэр үед хүмүүс ахан дүүстээ хоргой, торго, цай, алчуур, халуун сав зэрэг нандин эд бэлэглэдэг байв. Эд бол үнэхээр нандин бараа. Аав ээж, ах дүүстээ л барихаас аргагүй бэлэг. Бусад хүнд “Намуу”, “Сарнай” гар нүүрийн саван, шампунь, дээлийн эмжээр өгнө. Шампунь бол ховор эд. Тийм бэлэг өгсөн айлд талархаад баршгүй. Шампунь сумын дэлгүүрт ирдэггүй, Дархан хотоос л арын хаалгаар олддог эд. Тиймээс хүмүүс үсээ шампуниар биш, гар нүүрийн саван, угаалгын нунтгаар угаадаг байлаа. Хүүхдүүд бидэнд бол дэвтэр, харандаа, 60 мөнгөний “Янзага” цайны жигнэмэг, чихэр, ёотон, нусны алчуур бэлэглэнэ. Дэвтэр нь дөрвөлжин байгаасай гэж хүсэвч тууш. Тэр үед дөрвөлжин дэвтэр олддоггүй, тууш дэвтэр хөглөрч байдаг байв. Будгийн 7 өнгийн харандааг бол ах, дүүсийнхээ хүүхдэд л бэлэглэнэ. Бас л нүдний гэм. Манайх “Ханиад хүрсэн, уйлсан хүн л нус, нулимсандаа хутгалддаг. Тэрийг ийм  алчуураар арчдаг” гэж цээрлээд, нусны алчуур хүүхдэд бэлэглэдэггүй. Бидэнд харин хүмүүс тийм алчуур бэлэглэнэ. Уг нь хэрэгтэй эд л дээ. “Хүүхэд бүр заавал нусны алчуур биедээ авч явах ёстой” гэж цэцэрлэг, сургуулиас шаарддаг байв.

1988 онд шиг санаж байна. Нэгэн айл 5 үе идээ засжээ. Түүнийг харсан Төмөр гуай “Хүү минь, эцэг чинь сэрүүн тунгалаг уу?” гэж асуувал гэрийн эзэн “Байгаа, байгаа. Яасан?” гэвэл Төмөр гуай “Аав чинь 7 үеэр идээгээ засдаг уу?” гэж асуужээ. “Мэдэхгүй. Яасан юм бол?” гэвэл “Зүгээр, зүгээр. Танай идээ сайхан болохоор нь л” гэсэн тухай яриа сумын төвийн айлуудын дунд амнаас ам дамжин тарав.

Тэр айлын эзэд залуу хүмүүс. Залуу хүн байтугай баргийн айл 5 үеэр идээ засдаггүй, их өндөр настан л 5-аар засдаг байлаа. Түүний аав нь 7 үеэр засаагүй, 5 үеэр зассан байвал тэр залуу ёр дуудсан болох аж. “Ааваасаа өндөр идээ засвал ааваасаа түрүүлж, нөгөө ертөнц рүү явна гэж цээрлэдэг юм” гэж уг ярианы учрыг аав тайлбарласан юм. “Төмөр гуай тэр тухай хэлж өгөөд, идээг нь 3 үе болгуулж болоогүй юм байх даа” гэвэл аав “Цагаан сараар хүнд таагүй үг хэлж, сэтгэлийг нь сэвтээж болдоггүй юм” гэсэн дээ.

Цагаан сар ер нь таагүй зүйлийг цээрлэж, бэлгэшээл, ерөөлөөр халгина. Гэртээ  арц, ганга унгасгаж, өөрийн болоод өрөөлийн үнэрлэх мэдрэхүйг баясгана. Хоолны сайхан үнэр бас ийм бэлгэнд орно. Бэлгэ дэмбэрэлтэй үг хэлэлцэн, хүний сонсох мэдрэхүйг баясгана. Хүн бүр, айл болгон өнгөлөг байх нь харах мэдрэхүйд барьж буй бэлэг. Амтат идээ, ундаа нь амтлах мэдрэхүйд өгч буй баясал. Хүн бүр сэтгэл санаагаа ариун байлгах нь сэтгэлийн цэнгэл. Хүний гарт бэлэг өгөх нь эдийн өглөг. Ингэж бусдад олон талын бэлэг өгөхийг хүн бүр хичээж, айл бүр эрмэлзэнэ.

Цагаан сараар сайн өглөг өгвөл сайхан хариу ирнэ гэж бэлгэшээнэ. Моносноос мойл, хушнаас самар ургадагтай адил. Юу тарина, түүнийгээ хураана. Сайхан үг хэлбэл хариуд нь сайхан үг ирнэ. Сайхан сэтгэлээр хандвал хүн ч сайхан хандана. Цагаан сар ийм л баяр. Бэлгэшээлээр бялхаж, ерөөлөөр халгиж, сайнаар цалгидаг баяр. Хүүхэд, залууст харыг биш, цагааныг харуулж сургадаг. Хараас цагааныг нь түрүүлж харсан хүн муугаас зугтаж, сайхныг эрхэмлэдэг болдог. Цагаан сар ингэж монгол хүнийг төлөвшүүлдэг, монгол хүнийг жинхэнэ монгол болгодог юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *