2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын сайд Д.Наранбаяр өнөөдөр зарлалаа. Ирэх хичээлийн жилийг ийн эрт зарлаж байгаа нь эцэг эх, сурагчдад ажил, амралтаа эрт төлөвлөхөд нь хэрэгтэй юм.
Хичээлийн бүтцийг 2024-2025 оны хичээлийн жилээс нийслэлийн, хөдөөгийн гэсэн ялгаатайгаар төлөвлөж эхэлсэн. 2025-2026 оны хичээлийн жилд ч ийм ялгаатайгаар төлөвлөжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Хичээл эхлэх болон дуусах хугацаа адил. Дундаа амралтын хугацаа 7 хоногоор зөрдөг. Энэ жилээс хичээлийн жил 3 улиралтай болон. Ирэх хичээлийн жилд энэ бүтцээр хичээллэнэ. Харин өвөл ид хүйтрэх үеийн амралтыг 7 хоногоор сунгасан. 2025 оны 12-р сарын 15-наас бага ангийнхан амарч, 2026 оны 1-р сарын 26-нд хичээлдээ орно. Нийт 6 долоо хоног амарна. Энэ нь ид хүйтрэх үеэр хүүхдийг ханиад, томуунаас сэргийлэх зорилготой. Дунд, ахлах ангийн сурагчид 2025 оны 12-р сарын 22-ноос эхлэн, 5 долоо хоног амарна. Гэхдээ ахлах ангийнхан эхний 7 хоногт цахимаар хичээллэнэ.
Хөдөөгийн сургуулиудын тухайд, бага, дунд ангийн сурагчдын өвлийн амралтын хугацаа нийслэлийн сургуулиудынхаас 7 хоногоор богино, хавар 7 хоногоор урт байх юм. Цагаан сарын амралтыг Засгийн газар тухайн үед зарлана. Түүнийг мөрдөнө.
Сурагчдын төгсөх болон анги дэвших шалгалтыг 2026 оны 6-р сарын 8-12-нд авч, 15 болон 19-ний өдрөөс зуны амралт эхэлнэ. Өвлийн амралтыг 7 хоногоор сунгасан тул зуны амралтын хугацаа 7 хоногоор сунаж байна.
-Энэ жилийн Цагаан сараар сурагчид хэд хоног амрах вэ?
-Засгийн газрын шийдвэрийн дагуу бүх сургууль 3-р сарын 4-6-нд амарна. Энэ 3 хоногийн хичээлийг дараа нь цахим, бие даалт байдлаар сургууль бүр нөхнө. Дотуур байранд байгаа хүүхдүүдийг эцэг, эхэд нь гараас гарт хүлээлгэж өгөх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлийг аймаг, сумдын сургуулиудад өгсөн.
-Ковидын үеийн хоцрогдол хэзээ арилах вэ?
-Хоцрогдлын судалгаа хийгээд дууссан. Хоцрогдлыг бүрэн арилгахад 2-3 жил хэрэгтэй байгаа. Ирэх жилээс 1, 2-р ангиуд шинэ хөтөлбөрөөр, шинэ сурах бичгээр хичээллэнэ. Сурагчдын унших чадварыг дээшлүүлэхэд анхаарсан хичээл оруулна. Монголын сурагчдын унших, уншсанаа ойлгох, ойлгосноо илэрхийлэх чадваргүй байна гэсэн дүн олон улсын “ПИСА байгууллагын шалгалтаар гарсан шүү дээ.
-Байсхийгээд хичээлийн хөтөлбөр өөрчлөөд байх юм уу?
-Хуулийн дагуу хичээлийн 1 циклд 1 л удаа сургалтын хөтөлбөрийг өөрчилж болдог. 2014 онд Л.Гантөмөр сайдын үед хэрэгжүүлсэн “Цөм” хөтөлбөр одоо 11 жил болж байна. Түүнээс хойш одоо л хөтөлбөрийг өөрчилж байна. Хөтөлбөрийг өөрчлөхөөс өөр аргагүй байдаг. Хичээлийн хөтөлбөрийг нийгмийн хөгжилтэй нийцүүлэх шаардлагатай болдог. 2014 онд хиймэл оюун ухаан гэж байсангүй. Одоо юу болж буйг та бүхэн мэдэж байгаа.
Газарзүйн хичээлийн цаг багассан. Гэтэл их, дээд сургуулиуд газарзүйн хичээлээр шалгалт авдаг. Тиймээс суурь боловсролын хичээлд газарзүйг оруулна. Ирэх жил бие даалтын долоо хоногоор сурагчдад ахуйн ослоос өөрийгөө хамгаалах, аюулгүй амьдрах ухааны мэдлэг олгоно. Амьдрах чадварт хүүхдүүдийг сургана.
-Хүүхдүүдийг сэлж сургах уу?
-Сүүлийн жилүүдэд бассейнтэй сургууль нэлээд барьж байгаа. Та бүхэн анзаарч байгаа байх.