БШУЯ 2022 оноос эхлэн, ерөнхий боловсролын 38 сургуульд “Pearson” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр туршихад, сурагчдын англи хэлний түвшин 20 орчим хувиар ахисан юм. 2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган сурагчийг энэ хөтөлбөрт хамруулсан бол 2024-2025 оны хичээлийн жилд 3-4 дүгээр анги, 7-8 дугаар ангид энэ хөтөлбөрөөр англи хэл зааж байна. орон нутгийн 67, нийслэлийн 37, нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын 104 сургуульд туршиж байна. Одоо 3 дугаар ангийн 18859 сурагч, 4 дүгээр ангийн 18302 сурагч үүнд хамрагдаж байна. 2025-2026 онд үндэсний хэмжээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Pearson” бол маш сайн хөтөлбөр. 3-р ангиасаа англи хэл үзээд, 12-р анги төгсөхдөө ямар хэмжээнд хүрнэ гээч. SAT-ын 7.5 оноотой, дунджаас хамаагүй дээш мэдлэгтэй хүүхдүүд төгсөх бүрэн боломжтой. “Пийрсон”-ыг зааж байгаа багш нарын чадвар сайжирч байгаа. Би сая хөдөөгийн сургуулиудаар явлаа. Хүүхдүүд надтай англиар шууд ярьж байна. Тэдэнд ямар ч зовох зүйл алга. Саадгүй ярьж байна. Энэ бол энэ хөтөлбөрийн үр дүн. Сурах бичиг, багшийн ном, шалгалт бэлэн. 4500 багш англи хэл зааж байна. 2000 багшийг гадаадын богино, дунд хугацааны сургалтад хамруулна. Багш өөрөө чадваржиж, англи хэлээ бүрэн эзэмшиж байж, хүүхдэд англи хэл заана” гэж өнөөдөр сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдээллээ.