53 түр багш математик, хими, физикийн хичээлийг цагаар зааж байна


Боловсролын яамны мэдээллээр багш бэлтгэх богино хугацааны сургалтад хамрагдаж төгссөн 53 багш ерөнхий боловсролын сургуулиудад математик, хими, физикийн хичээлийг цагаар зааж байна. Тэдний сургалтын чанар өндөр байгааг Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолсон юм.

Тэтгэвэрт гарсан 1200 гаруй багш өнгөрсөн намар тус яаманд хүсэлт гаргаад, үргэлжлүүлэн ажиллаж байна. Цэцэрлэг, сургуулийн багш болохоор сурч буй, энэ жил төгсөх 750 оюутан багшлах дадлага хийнгээ цалинтай ажиллаж байна. Их сургуулийн багш нар зарим сургуульд цагаар багшилж буй аж.

Өндөр түвшний академик боловсрол эзэмшсэн, физикч, химич, хэрэглээний математикч, цөмийн физикч мэргэжилтэй ч багшлах сонирхолтой хүмүүсийг хүүхэдтэй харилцах ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулан, багшлах эрх олгосон.

Боловсролын сайдын 2024.09.02-нд А/64 тушаал гарган, багшлах эрхийн гэрчилгээ олгох түүнтэй холбоотой асуудлыг зохицуулах журам баталсан. Багшлах эрхийн 3 төрлийн гэрчилгээ олгохоор уг журамд тусгажээ.

1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд багшлах сонирхолтой, дүйцэх түвшний бакалаврын дээд боловсрол эзэмшсэн болон энэ чиглэлээр төгсөх курст суралцаж байгаа оюутнуудад багшлах эрх олгоно.

2. Политехникийн коллежид гагнуур, токарь, цахилгаан гэх мэт мэргэжлийн чиглэлээр багш бэлтгэнэ.

3. Түр буюу богино хугацаагаар хичээл заах хүмүүст багшлах эрх олгоно.

Боловсролын ерөнхий газар багшлах эрхийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэн, тэнд сургаж төгсгөсөн хүнийг нөөцөд бүртгэж, мэдээллийн сан үүсгэжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *