Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч “гуравдагч хөрш” Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн гадаад бодлогын хүрээнд гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлзэж буйг тэмдэглээд хоёр талын түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолж, энэхүү айлчлал нь хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксоны халуун дотно мэндчилгээг уламжлаад Шинэ Зеландын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтайхамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов. Тэрбээр энэ удаа Шинэ Зеландын Фермерүүдийн хоршооны Ерөнхийлөгч У.Лангфордын хамтаар Монгол Улсад айлчилж байгаагаа тэмдэглэж, энэ нь хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *