Их Британийн нийслэлд болох Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай Лондон хотноо уулзжээ.
В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзалт хийсний дараа бямба гарагт Лондонд хүрэлцэн ирсэн юм. Уг уулзалтын үеэр хоёр удирдагчийн хооронд үүсээд байсан ан цав улам гүнзгийрчээ. Улмаар Украины ашигт малтмалыг АНУ-д нийлүүлэх тухай гэрээнд хоёр тал гарын үсэг зурж чадаагүй байна.
“Яриа хэлэлцээ ширүүхэн өрнөсөн хэдий ч бид стратегийн түншүүд хэвээр байна. Ерөнхийлөгч Трампын дэмжлэгийг авах нь бидний хувьд маш чухал” гэж В.Зеленский бямба гарагт нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. ТэрбээрД.Трамптай харилцаагаа сайжруулахын тулд хичээх бодолтой байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна.
Харин Их Британийн Ерөнхий сайд К.Стармер Украины удирдагчтай хийсэн яриа хэлэлцээний эхэнд хэлсэн үгэндээ, Их Британи улс Украиныг дэмжиж байгааг онцоллоо. Үүний хариуд В.Зеленский украинчууд Их Британийн дэмжлэгт ихээхэн найдаж байгааг дурдаад, ийм түншүүд, ийм найз нөхөдтэй болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.