Төрийн болон орон нутгийн 35 музей үзэгчдэд үнэгүй үйлчилж эхэллээ


Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн 3 дугаар сарын эхний долоо хоногт Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд”-ийг 3 дугаар сарын 7-13-ны хооронд зохион байгуулна. Энэ хугацаанд төрийн болон орон нутгийн 35 музей байнгын үзүүллэгийн танхимаараа үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

16 хүртэлх насны хүүхдүүдэд Монгол Улсын бүх музей жилийн турш үнэгүй үйлчилдэг. Хүүхдүүд хүссэн үедээ музей үнэгүй үзэх боломжтой. Тиймээс “Музейн нээлттэй өдрүүд”-ээр музейд хүүхдээ дагуулж, очихгүй байхыг сануулъя.

Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно.

Мөн энэ жил оюутан, залуучуудыг түлхүү оролцуулахыг зорьж, Монголын оюутны холбоотой хамтран, их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клүбүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд уран илтгэлийн уралдаан, мэтгэлцээн явуулна. Чингис хаан үндэсний музей мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан “Нээлттэй сан хөмрөг” арга хэмжээг зохион байгуулж, Монголын төрийн үе үеийн тэргүүнүүдэд бэлэглэсэн гадаад, дотоодын бэлэг дурсгалын зүйлс зэргээс бүрдсэн тус музейн сан хөмрөгийг анх удаа нээлттэй толилуулна.

Монголын үндэсний музей “Монгол шатрын бэлгэдэл”, “Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган” лекцийг олон нийтэд нээлттэй тавина. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дүрслэх урлагийн музей “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт-5”, Уран зургийн галерей “Урлаг ба бүсгүй” сэдэвчилсэн үзэсгэлэн, эвент арга хэмжээ, Богд хааны ордон музей “Шинийн наймны Цагаан дара эх” танин мэдэхүйн арга хэмжээ, Театрын музей зохиолч, найруулагч Т.Чимэдийн “Туулсан зам” 7 бүлэг баримтат киног “Агуй” танхимдаа тайлбартай үзүүлнэ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 музей дээр тусгай болон сэдэвчилсэн 9 үзэсгэлэн, 7 удаагийн нээлттэй лекц, боловсрол танин мэдэхүйн 18 хөтөлбөр, нийт 50 орчим арга хэмжээ зохион байгуулах юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *