УИХ-ын хаврын чуулган 7 хоногийн дараа 3 дугаар сарын 17-нд эхэлнэ. Хуулийн дагуу намрын чуулганыг 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулганыг 3 дугаар сарын 15-нд нээдэг. Өнөө жил 3 дугаар сарын 15 бямба гарагт таарч байгаа тул даваа гарагт нээхээр болжээ.
Хаврын чуулганаар хэлэлцэх тогтоолын зарим төслийг УИХ 1 дүгээр сарын 17-нд баталсан. Доорх 6 тогтоолын төслийг УИХ хэлэлцэж батална.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг тухай бүрт нь шийдэх юм. УИХ Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Мөн Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.
ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЗАРИМ ХУУЛИЙН ТӨСӨЛ
НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
УИХ-ын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран татварын хуулийг шинэчлэхээр цуврал хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүний нэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль. Нийт 110 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс уг хуулийн төсөлд тусгах санал авчээ. Монгол Улсад 1990 оноос татварын тогтолцоо бүрдсэн. Үүнээс хойш нийт 4 удаа татварын багц хуульд өөрчлөлт оруулж байна.
НӨАТ-ын буцаан олголтын системийг 2020 онд шинээр бий болгосноор иргэд, аж ахуйн нэгжүүд хялбар байдлаар бүртгүүлэх, буцаалтаа авах зэрэг харьцангуй дэвшилтэт системтэй болсон юм. Гэсэн ч засах, шинэчлэх асуудал байсаар байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдээс НӨАТ-ын хувь хэмжээг багасгах санал хамгийн их иржээ.
Зарим компани, хувь хүн НӨАТ-ын баримт өгдөггүй. Ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид НӨАТ-аа хасуулан, төлбөр төлөхийг санал болгодог. НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа, ажил үйлчилгээ борлуулагч олон байдаг. Татварын алба татвар төлдөггүй, зайлсхийдэг этгээдийг биш татвараа төлдөг, суутган төлөгчийг шалгаж дарамталдаг зэрэг зөрчил, дарамт байсаар байна.
НӨАТ 1948 онд Дэлхийд бий болсон бол Монгол Улс 1998 оноос худалдааны татвар нэрээр НӨАТ авч эхэлжээ. Одоо Дэлхийн 175 улс НӨАТ авдаг. Манай улс сугалаа, буцаан олголтын зарчмаар татварынхаа 5.3 хувийг буцаан олгож байна. 62 төрлийн бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлдөг. НӨАТ-аас чөлөөлөх тухай бие даасан 40 хууль бүртгэлтэй байгаагаас 27-гийнх нь үйлчлэх хугацаа дууссан бол 13 нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн 2020.01.01-нээс мөрдөж буй. Энэ хуулиар татварын хялбаршуулсан тогтолцоо нэвтрүүлэх, бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж буй хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгох, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох, Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн албан татвар төлөх, тайлагнах хугацааг тодорхой болгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, зарим төрлийн албан татварын хувь хэмжээг буулгах зэрэг өөрчлөлт хийсэн. Гэсэн ч уг хуулийн зарим зохицуулалт нь татвар төлөгчдөд таатай бус, үр дүн авчрахгүй байна.
Манай улс одоо иргэдийн орлогоос 10%-ийн татвар авдаг. Уг хуулийн хүрээнд нийт 12 хөнгөлөлт, 9 чөлөөлөлт эдлүүлж байна. ХХОАТ-тай холбоотой хамгийн гол асуудал нь хувиараа бизнес эрхлэгчдэд яаж татвар ноогдуулах, яаж тайлагнуулах вэ гэдэгт байдаг. Иймд энэ удаа бүх нийтээрээ татвар төлдөг, тайлагнадаг тогтолцоонд эдийн засгийн хөшүүргийн аргаар шилжүүлэх гэж байна.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан, 1 дүгээр сарын 29-ний байдлаар 36 мянган иргэн, 52 мянган аж ахуйн нэгжээс 120 гаруй мянган санал иржээ. Тэдний олонх нь ХХОАТ-ын хэмжээг бууруулахыг хүссэн байна.
Сангийн яам татвар ногдох орлогод хамаардаггүй орлогын шинэ эх үүсвэрүүдийг судлах, татвар төлдөггүй, зайлсхийдэг иргэдийг хамруулахад анхаарч буй аж. Татварын байгууллагад 2.505.854 татвар төлөгч бүртгэлтэй. Монгол Улсын иргэн 2.464.854, гадаад иргэн 41.000 байна. Татвар төлөгчийн тоо 2014-2019 онд 126.6%, 2019-2023 онд 19.2%, 2023-2024 онд 8.6%-иар өсжээ.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл
Манай улс нийтийн албан тушаалтнуудынхаа хууль бус хөрөнгийг хурааж авах хуультай болох гэж байна. Олон нийтийн анхаарал татаж буй энэ хуулийн төслийг дагалдан 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. УИХ авлигын багц хуулийн төсөл хэлэлцэх нь.
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан, түүний шууд болон шууд бус өмчлөл, эзэмшилд байгаа, эрхэлж байсан болон эрхэлж байгаа албан тушаалын эрх нөлөөгөөр бий болсон, хууль ёсны эх үүсвэр нь тодорхойгүй, эсхүл хууль бус аргаар олж авсан эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг хурааж авах, нөхөн төлүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ. Үүнийг батлан мөрдүүлснээр нийтийн албанд бугшсан авлигыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх юм. Хууль бус хөрөнгийг шалгах үндэслэлийг энэ хуулиар тогтоож, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагаа хэрэгжүүлнэ. Нийтийн албан тушаалтан холбогдсон, гэмт хэргийн улмаас бий болсон, энэ хуульд заасан хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа явуулах үндэслэл байгаа тохиолдолд энэ хууль үйлчилнэ. Мөн Авлигын эсрэг хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчиж олсон хөрөнгө, орлогыг хураахад уг хуулийг баримтална.
Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо давсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй, тайлбар нь нотлогдохгүй бол уг хөрөнгийг хууль бус гэж үзэх юм.
Гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоогоогүй гэдэг нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нийтийн албан тушаалтны холбогдсон гэмт хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураагаагүй бол нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааг явуулах үндэслэл болох юм байна. Энэ хуулийн бас нэг чухал заалт нь тухайн албан тушаалтан байгаа эсэхээс үл хамааран, хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааг явуулна. Тэр хүн нас барсан, албан тушаалаасаа буусан байсан ч алдсан хөрөнгөө улс буцааж авна гэсэн үг.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хохирогч болж, их хэмжээний мөнгөө алдаж байна. 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт монголчууд 417.2 тэрбум төгрөгөөр хохирчээ. 8-29 насныхан хохирогчдын 9.2 хувийг, 30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна. Монгол Улсаас нийт 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.долллар гадаад улс руу шилжсэн бол 1Хbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.доллар шилжиж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домайн хаягт Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлажээ. Гэвч тус саит холбоосоо сольж, VPN ашиглан, монголчуудыг луйвардсаар байгааг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлсэн. Зөрчлийн хуулиар уг саитыг 13.5 сая төгрөгөөр торгосон ч тэр нь уг саитад шийтгэл болж чадахгүй байна.
Өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд ийм арга хэмжээ авчээ. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг дэмждэг агентуудыг сурталчилж, зохион байгуулж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох гэж байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэх юм. Уг хууль багтлагдан, хэрэгжиж эхэлмэгц “AppStore” болон “Мета” компани руу хүсэлт илгээж, Монгол Улсын нутаг дэвсгэрээс цахим мөрийтэй тоглоомын аппликэйшн татах боломжгүй болгох юм. Үүгээр спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, бусад үйл ажиллагааг хориглохоор уг хуулийн төсөлд тусгажээ.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Цахим мөрийтэй тоглоом болон хууль бус бооцоот таавар, тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлсэн, өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, гар утасны дугаар, цахим хаягаа ашиглуулсан, цахим мөнгө худалдах, худалдан авах бирж байгуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангална. Хүлээлгэх хариуцлагыг нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот таавар, бооцоот тоглоом сурталчлахыг хориглохын тулд Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Мөрийтэй тоглоом тоглосон этгээдийг 100 мянган төгрөгөөр торгодог. Энэ нь шийтгэл болохгүй байгаа тул торгуулийн хэмжээг нэмэх, шийтгэлийг чангатгах шаардлага үүсжээ. Үүнийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх юм байна.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Цахимаар мөрийд тавьсан мөнгийг шилжүүлэхгүй байх шаардлагатай ч манай улс одоогоор тэгж чадахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хууль хяналтын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааг яаралтай зохион байгуулж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг байх шаардлагатай байгаа аж. Үүний тулд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэдийн мөнгөн шилжүүлгийг цагдаагийн байгууллага хянах, шилжүүлгийг таслан зогсоох боломж бүрдүүлэх юм байна.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын стандартыг Монголд нутагшуулах, Хэмжил зүй, сорилт туршилтын лабораторийн техникийг сайжруулах зорилтууд тусгасан байна. Энэ хүрээнд стандартчилал, хэмжил зүйн салбарын цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчлэхээр Засгийн газар төсөл боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Энэ хуулийг 2017 онд шинэчилсэн ч түүнээс хойш стандарттай холбоотой олон асуудал үүсээд байна. Тиймээс энэ хуулийг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.
Манай улсад одоо 6693 стандарт бий. Үүний 44.8% нь олон улсын түвшинд хүрчээ. Стандартыг заавал хэрэгжүүлдэг болгож, стандарт, хэмжилзүйн улсын байцаагчийн эрхийг нэмэх юм байна. Салбаруудыг хоорондоо уялдаатай ажилладаг болгоно. Аливаа бараа, бүтээгдэхүүний чанар, стандартын мэдээллийг агуулсан нэгдсэн сан бий болгохоор төлөвлөжээ.