Д.Сайнсайхан: 33-ны мөчлөгийн заслаа сайн хийж чадвал, аж амьдрал нь тэгширдэг


“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил гарч, ард олон заслаа хийлгэж байгаа энэ өдрүүдэд иргэдийн дунд яригддаг зарим асуултыг тодруулахаар “Манба дацан” хийдийн зурхайч, анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.

13-ны жил орох гэж яг юуг хэлдэг юм бол. Ямар засал хийлгэх ёстой вэ?
Хүн эхээс төрөөд, хамгийн анхны орж байгаа жил нь 13-ных юм. 13-ны жил орж байгаа хүүхдийг маш сайн анхаарах ёстой. Яагаад вэ гэхээр жил орж буй хүүхдийн эрүүл мэндэд сөрөг зүйл гарч болзошгүй. Нөгөө талаар жил орж буй хүүхдийн суусан суудлаас их хамаарна. Энэ жил эрэгтэй хүүхдүүд газар лусын нөлөөнд орох магадлал их өндөртэй байгаа учраас газар лусыг аргадах ёстой.
Олон жилийн зурхайн мөчлөгөөс харж байхад, 13-ны жил дээр хүүхэд ужиг, архаг өвчтэй болох магадлал их байдаг. Сүүлийн үед 13-ны жил орж байгаа хүүхдэд ямар дээл, хувцас өмсгөх вэ гэж хүмүүс асууж байна. Тэгж дээл хувцас өмсгөн домнох арга нь ном сургаалд байхгүй. Дээр хэлсэнчлэн биеийн эрүүл мэндэд анхаарч, заслыг нь сайн хийлгэх нь зүйтэй.
Хүмүүс 33-ны мөчлөг гэж байдаг байхгүй, тэгж ингэж засна гээд нэлээд маргаж байна. Ер нь 33 нас хүрсэн хүн засал хийлгэх ёстой юу. Хийлгэх бол ямар засал хийлгэдэг вэ?
33-ны жил биш. Хүмүүс их андуурдаг. Энэ нь 33-ны мөчлөг юм. Яагаад гэхээр энэ мөчлөг тохиох үед хүн эхээс төрсөн суудалдаа эргэн суудаг. Тийм ч учраас эхийн хий гэж нэрлэдэг. Үүнийг залуучууд тоохгүй, хийлгэхгүй, дутуу, буруу хийснээс хамааран, үлдсэн амьдралд нь барцад, саад гарах магадлал их өндөр байдаг. Яг энэ насанд хүн засал, зан үйл хийх ёстой. Зан үйл хийнэ гэдэг нь эхийнхээ ачийг санаж, ээждээ шинэ хувцас авч өгч болно.

33-ны мөчлөгийг ажиглаж байхад залуучууд зан үйл, заслаа сайн хийж чадвал, энэ мөчлөгөөс хойш өөрийнх нь аж амьдрал тэгширдэг. Урьд нь хүрч чаддаггүй байсан амжилтууддаа хүрэх магадлал маш өндөр болдог.
Харин 33-ны заслыг хийлгэхгүй, эсвэл дутуу, буруу хийлгэсэн тохиолдолд мөчлөг тохиож буй жилдээ, эсвэл жилийн сүүл рүү асуудал үүсдэг гэж хэлж болно. Аж амьдрал тэгшрэхгүй байх нигууртай.
Энэ насанд засал сайн хийлгэж, ээжийгээ баярлуулах л ёстой. Түүнээс биш, эхийнхээ мөөмийг хөхөх, өлгийдүүлэх зан үйл бурхны шашинд байхгүй.

Ярилцсанд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *