МАНАН уг нь байгалийн үзэгдэл боловч Монголд улс төрийн үзэгдэл болоод удлаа. Дэлхийн литосфери 7 том, олон жижиг хавтангаас бүрддэг бол манай улс төр 2 том, олон жижиг хавтантай. Монголын улс төрийн тектоник хавтангууд үе үе хөдлөхөд, МАНАН үүсэж, аажмаар хүч нь сулран, алга болдог. Хавтангуудаас хамгийн их шилгээдэг нь АН. Энэ намын хавтанг бүрдүүлсэн 42 плитийн 1 Ч.Лодойсамбуу эвлэн нийлсэн 3 хавтанг нураахаар эсрэг зүгт хөдөлж эхэллээ. Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар түүнтэй нэгдэж, АН-ын хавтанг хөдөлгөхөөр хичээж байна. Л.Гантөмөр бусад плитийнхээ хөдөлгөөнийг хорьж чадах эсэх, МАН-ын хавтанд нөлөөлөх эсэхээс Л.Оюун-Эрдэнийн үүсгэсэн МАНАН-гийн нас шалтгаална.
МАНАН 1. Улс төрийн тавцанд даналзаж ирсэн МАХН 2004 оны сонгуулиар 37 суудал арайхийж авсан ч 35 суудалтай “Эх орон-Ардчилал” эвсэлтэй хувь заяаны эрхээр хамтарсан Засгийн газар байгуулсан. Бүгд найрамдах намын ганц Б.Жаргалсайханд, 3 бие даагчид хадаг бариад ч нэмэргүй юм чинь яая гэх вэ. МАХН-д сонголт байсангүй. 2006 онд “Эх орон-Ардчилал” эвсэл задарч, АН-ын 25 гишүүн МАХН-ын бүлэгт нэгдэн, “62-ын бүлэг” бий болгосон. Хамгийн шог нь УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд даргаар АН-ын дарга Р.Гончигдорж ажиллаж байлаа.
Гэхдээ тэр үед энэ 2 намын хамтралыг МАНАН гэж нэрлэдэггүй байлаа. 2012 оны сонгуулийн дараа энэ үгийг Н.Энхбаяр өөрөө улс төрийн хэллэг болгон, үгийн санд оруулж ирсэн юм. Сайндаа ч биш.
МАНАН 2. Монголын улс төрийн түүхэн дэх аймшигт газар хөдлөлт 2008.07.01-нд болов. УИХ-ын сонгуулийн дараа АН-ын тектоник хавтан маш хүчтэй шилгээж, Улаанбаатарт 8 баллын чичирхийлэл үүсгэв. Энэ удаагийн газар хөдлөлтийн голомт нь Сүхбаатарын талбайд үүсэж, МАН-ын байр сүйдсэн юм. Уг газар хөдлөлөөс үүдэлтэй цунами Улаанбаатарыг нөмөрч, 5 хүний аминд хүрэн, 800 гаруй хүн баривчлагдан хохиров. Үүний дараа 2008 онд МАН-ын дарга С.Баяраас урилга хүлээж авсан АН хүчтэй сөрөг хүчин байх сонголт хийснээр МАХН+ИЗН+ҮШН гэсэн нийлбэр бий болсон. Гэсэн ч АН-тай хамтарч, уул уурхайн төслүүдээ хөдөлгөх гэсэн С.Баяр АН-ыг ятгаж чадсанаар энэ 2 нам дахин засагт хамтарлаа. Уг хамтралыг Сү.Батболд цааш нь үргэлжлүүлсэн ч АН-д дахин газар хөдөлж, МАНАН-г сарниулав.
МАНАН 3. У.Хүрэлсүхийг намынхаа нэрнээс “Хувьсгалт” гэсэн үгээ хусаж хаямагц, шүүрч авсан Н.Энхбаяр МҮАН-тай эвсэн “Шударга ёс” эвсэл байгуулан, 2012 оны сонгуульд ороод, 11 суудал авч ялагдсан. Гэсэн ч Н.Энхбаяр АН-тай хоршиж, Шинэчлэлийн Засгийн газрыг хамтарч байгуулан, ялагдлаа ялалт болгож чадсан юм. АН-д сонголт байлаа.
МАНАН 4. 2014 онд Дэлхий даяар эдийн засаг хямарч, Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцрон, Ч.Сайханбилэг Засгийн газартаа МАН-ыг урив. Үүнд нь туньсан Н.Энхбаяр АН, МАН-ы хослолд МАНАН гэдэг нэр хайрласан юм даг. АН+“Шударга ёс” эвслийн хэврэг нэгдлийг МАН-ынхан тал талаас нь хэмхэлсээр Ч.Сайханбилэгийг МАН-д хадаг барих шийдэлд хүргэж, Шийдлийн Засгийн газар байгуулагдсан. МАН өмнө нь АН-д барьсан хадгаа ийн нэхсээр байгаад авсан юм.
МАНАН 5. 2024 оны сонгуулиар 126 гишүүнтэй парламентад МАН 68 суудал авсан ч АН, ХҮН-тай хамтарч засгаа эмхлэв. 42 гишүүнтэй АН, 4 гишүүнтэй ХҮН-тэй хамтарсан нь ажлаа хамтарч хийх, ачаагаа хувааж үүрэх гэсэндээ биш юм. Сөрөг хүчний дуу хоолойг сөрөх гэсэн арга байлаа. УИХ-ын 33%-ийг бүрдүүлж байгаа АН энэ удаад сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлэх боломжтой.
УИХ-ын гишүүдийн ¼-өөс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал албан ёсоор тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Энэ бол Л.Оюун-Эрдэнэд том аюул.
УИХ-ын 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар шийдвэл Л.Оюун-Эрдэнэ болон түүний Засгийн газар хэцүүднэ. Тэрхүү 32-ынхоо саналыг УИХ-ын гишүүдийн 64 нь дэмжвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ шууд огцорно. Ийм аюул байгаа учир, энэ аюулыг холдуулахын тулд Л.Оюун-Эрдэнэ цаашаа харж санаа алдаад, наашаа харж инээд алдан АН, ХҮН-д найр тавьж явна.
АН-ын 42 гишүүн дээр ХҮН-ын 8, Үндэсний эвсэл, ИЗНН-ын 8-ыг нэмбэл 58 болно. Ингээд МАН-аас Л.Оюун-Эрдэнэд гомдолтой яваа 6 гишүүнийг талдаа татвал Засгийн газар огцрох юм. Түүнд гомдогсод 6-аар тогтохгүй. Түүнийг огцруулж, дараагийн засагт орохыг хүсэгч УИХ-д мундахгүй. Л.Оюун-Эрдэнэ одоо өмнөх шигээ том дуугарч, хүн загнах боломжгүй. МАНАН татуулахаас өөр сонголт түүнд байсангүй. Улс төрийн МАНАН бол үеийн үед хувь заяаны шоглоом байж ирсэн. Сонгогчдын энэ шоглоомыг Л.Оюун-Эрдэнэ тэсээд гарахгүй бол Ерөнхий сайдын өндөр сэнтийн доорх газар хөдлөх аюултай.
Ардчилсан Монгол Улсад засгийн эрхийг хамгийн удаан барьсан Ерөнхий сайдаар тодрох чин эрмэлзэлтэйгээ харуулж, 2025.01.27-нд яг 4 жилийнхээ ойгоор “Хамгийн удаан ажиллаж буй Ерөнхий сайд” хэмээн саитуудаар төлбөртэй магтаал гаргуулахдаа тэр хэтэрхий яарчихсан. Н.Энхбаяр Засгийн газрыг 4 жил 25 хоног тэргүүлсэн амжилтаар түүний өмнө тэр үед гишгэж байлаа. Л.Оюун-Эрдэнэ 2 дугаар сарын 21-нд Н.Энхбаяртай мөр зэрэгцэж, 22-ноос мөрөөдөлдөө хүрэв. Одоо тэр хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд.
Гэвч АН-ын гишүүд олон ааштай. МАН-ынхан нь далд явуулга арвинтай. АН-ынхны хэзээ ч, яаж ч илэрч мэдэх олон аашийг Л.Оюун-Эрдэнэ байтугай Л.Гантөмөр өөрөө ч таашгүй. Л.Оюун-Эрдэнэ 2028 он хүртэл тэсэхийн учир энэ олон ааштуудын аяыг олж, аргадаж амьдрах болж байна. Тэсэхгүй бол хамгийн удаан засагласан Ерөнхий сайдын амжилт, 10 жил гацсан төслийг хөдөлгөсөн амжилт гээд түүний Монгол Улсын түүхэнд бичигдэх олон амжилт лөөлөө болно. АН ч яах вэ, ааш нь ил юм. Намынхан нь л яггүй. Тэднийхээ далд явуулгыг давж гарахын тулд тэр юм юм л хийж явна. “Шувуу” ажиллагаагаар сүртэй гэгч нь баривчилж ирсэн Т.Бадамжунайгаа ч ашиглаж байна. Монголын бүх муу муухайг Ц.Элбэгдоржтой хувааж үүрсэн М.Энхболд ахдаа ч тэр залбирч явна. Тэр тэсэхийн тулд тэсэж болох бүхнийг хийж байна. Тэр юуны тулд ингэтлээ тэвчээр заана вэ?
Мега төсөл бол түүний санаачилсан шинэ юм биш. Харин мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь л түүний хийх ажил. Тиймээс ч тэр 14 гэдэг айхтар олон тоог нэгэн зэрэг монголчуудад цээжлүүлж буй билээ. Тэгэхгүй бол тэр Оюутолгой, Тавантолгой гэх мэт том толгойнуудын сүүдрээс гарч ирж чадахгүй. Стратегийн эдгээр том ордыг түүнгүйгээр ашиглаад эхэлчихсэн. С.Баярын үүсгэсэн МАНАН “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд гарын үсэг зурсан юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг Ч.Сайханбилэг тэргүүтэй МАНАН хойд хөршөөсөө аваад ирсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаргаж байлаа. Хэрлэнг говь руу урсгах санаачилга түүнгүйгээр гарчихсан. Түүний хийсэн юм гэвэл “Хэрлэн-Говь” төслийн нэрийг “Хэрлэн-Тооно” болгож л солих шив.
Эг гол дээр УЦС барих асуудал бүүр 1992 оных. Нарийн яривал 1964 оноос эхтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын урьдчилсан судалгааг 1964 оноос хийж, 2008 онд С.Баярын МАНАН анхны ТЭЗҮ-ийг хийлгэсэн. Тавантолгойд ДЦС барих тогтоолыг Н.Алтанхуягийн тэргүүлсэн МАНАН 2013 онд гаргасан. Тавантолгойд ДЦС барихаар Ч.Сайханбилэгийн үүсгэсэн МАНАН-гийн үед “Тавантолгой цахилгаан станц”, “MSC power” компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Цахилгааныхаа үнийг тохиролцож чадаагүйгээс ажил зогссон л доо.
Сэргээгдэх эрчим хүчний станц бол МАХН+”Эх орон-Ардчилал” эвслийн үеийн эд. Улс төрд анхны МАНАН татсан тэр үед Төв аймгийн Сэргэлэн суманд Монголын анхны салхин цахилгаан станцыг байгуулахаар “Ньюком” компани судалгаа хийлгэж эхэлсэн. “Салхит” СЦС 9 жилийн дараа Сү.Батболдын үүсгэсэн МАНАН-гийн үед ашиглалтад орсон юм. Нарны анхны цахилгаан станцыг байгуулах эхлэлийг Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн МАНАН тавьж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ашиглалтад орж байлаа.
Зэс боловсруулах цогцолбор бол 1970-аад оны санаачилга. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТЭЗҮ, зураг төслийг зохиож эхэлсэн үеэс ГОК (Горно обогатительный комбинат) биш ГМК ( Горно металлургический комбинат) байх ёстой гэж геологичид үзэж байсан юм билээ. Үүний дагуу Эрдэнэтэд Зэс боловсруулах үйлдвэр барихаар 1987 онд ЗХУ-ын “Гипроцветмет” хүрээлэнгээр нарийвчилсан судалгаа хийлгэж, 1989 онд Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яам Эрдэнэтэд Зэс хайлуулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ.
Ган боловсруулах үйлдвэрийг ч 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл төлөвлөсөн. Тус зөвлөл Дарханд төмөрлөгийн үйлдвэр барих тогтоол гаргахдаа л ган боловсруулахаар төлөвлөсөн байдаг. 1993 онд анхныхаа ганг хайлуулсан энэ үйлдвэрт С.Баярын тэргүүлсэн МАХН+ИЗН+ҮШН-аас бүрдсэн МАНАН Төмөртэй, Төмөртолгой, Хуст уулын ордын лицензийг эргүүлэн авчирсан юм даг.
Алт цэвэршүүлэх үйлдвэр бол 1998 оноос эхтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах саналыг 2016 онд Казахстан улсад тавьсан байдаг. 2019 онд түүнийг Казахстанд айлчлах үеэр “Эрдэнэт-Алт ресурс” ХХК, “Сымбат-Инженеринг” ХХН алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээ байгуулж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч чадаагүй.
Үндэсний хиймэл дагуул хөөргөх амбийц ч Л.Оюун-Эрдэнэд наалдах юм уу даа. Оросын хөлгөөр сансарт нисэж, Японы тусламжтайгаар анхны хиймэл дагуул “Мазаалай”-гаа хөөргөсөн манай улс одоо Францын компаниар арай томхон хиймэл дагуул бүтээлгэн, 36 мянган метрийн өндөрт гаргаж, өөрийн гэсэн интернэттэй болохыг зорьж байна. Нэгэнт л монгол хүн бүтээхгүйгээс хойш үндэсний гэж тодотгож, “ChinggesSat” гэж нэрлэсэн нь ч хаашаа юм.
Ураны асуудал бол эрт дээр үеийнх. 1946 онд Монголд ураны хайгуул хийж, Мардайгаас ураны хүдэр олборлож эхэлсэн бол 1997 оноос Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын “Орано” групп уран хайж, одоо Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАНАН-гийн үед гэрээ байгууллаа. Энэ л түүний нэрэнд наалдах биз. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох гэрээг ч түүнд хамаатуулъя. Түүний МАНАН дажгүй шүү. МАНАН бүтээнэ, сөнөөнө. Шийдлийн Засгийн газар гэхэд “Нүүрснээс хий, шингэн түлш гаргаж авна. Хос төмөр зам тавина. “Талын зам” төслөө урагшуулна. 900-1200 МВт хүчин чадалтай 2 цахилгаан станц барина” гэсэн. Шийдээгүй. Дубайн гэрээг нь шүүх 2019 онд хүчингүй болгосон. “Эрдэнэбүрэнд УЦС, Дорнод, Багануурт ДЦС барина. Халамжийн мөнгийг багасгана” гэж амласан. Нэг хөнжил хувааж нөмөрсөн МАН үүнийг дэмжээгүй. Улсын хөгжилд хэрэгтэй олон ажлыг МАНАН эхлүүлсэн ч түүнээс дутахгүй олон ажлыг бас л МАНАН сарниулж, ажилд тушаа болжээ. МАНАН ажил эхлүүлдэг ч бас дуусгадаггүй. Тэгээд л одоо дутуу хаясан баахан төсөлтэй сууж байна.
Одоо МАНАН дутуугаа гүйцээж, эхэлснээ дуусгах дутуу байна. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох гэрээг БНХАУ-тай байгууллаа. 2004 оноос хойш ярьж, 2008 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийж, ҮАБЗ-өөс 3 удаа зөвлөмж өгч, УИХ 6, Засгийн газар 45 тогтоол гаргаж байж энэ төмөр замыг холбохоор болов. 7 хэмжиж, 1 огтолж байгаа нь энэ үү?
7 хэмжсэн төсөлд Монголд мундахгүй. Ганц огтлох л хэрэгтэй. Түүний тулд МАНАН хамтралынхаа насыг, хамтарч ажиллах хугацаагаа уртасгах хэрэгтэй. 2004 онд Ц.Элбэгдорж тэргүүтэй хамтрал 1 жил 146 хоноод салсан бол М.Энхболд 1 жил 301 хоног тэсжээ. 2008 онд С.Баярын үүсгэсэн МАНАН 1 жил 341 хоносон бол Сү.Батболдынх 2 жил 286 хоногийн дараа сарнижээ. 2012 онд Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хоршил 2 жил 87 хоноод нурсан бол Д.Тэрбишдагва 16 хоног л үүрэг гүйцэтгэв. Түүнээс өөр хамтрагч сонгосон Ч.Сайханбилэг 1 жил 229 хоноод, халаагаа өгөв. Одоогийн 3 намын дарга барьсан гараа хэзээ тавихыг хэн ч мэдэхгүй.
Намууд хамтраагүй, дангаараа засаг байгуулаад тогтвортой ажилласан уу гэвэл бас үгүй. 1996-2000 онд АН сонгуульд ялаад, 5 Ерөнхий сайд солив. Н.Туяа 8 хоног үүрэг гүйцэтгэсэн үзүүлэлтээр 1911 оноос хойших 114 жилийн түүхэнд хамгийн богино хугацаанд Засгийн газрыг тэргүүлсэн хүн болоод байна. Ж.Наранцацралт 225 хоног, Ц.Элбэгдорж 230 хоног, Р.Амаржаргал 362 хоног, М.Энхсайхан 1 жил 278 хоног засаглав. МАН ч тийм туйлбартай биш. 2016 онд Ж.Эрдэнэбатыгаа 1 жил 89 хоногийн дараа огцруулсан. УИХ-ын сонгуульд олон удаа үнэмлэхүй олонх болсон тулдаа л МАН тогтвортой мэт харагддаг.
Ингээд харвал манай улс төрд МАНАН татлаа ч, сарнилаа ч газар хөдлөлт байнга л болдог аж. МАНАН татвал алсын бараа бүдгэрэх ч агаарын чийг нэмэгдэнэ. Сарнивал алсын бараа тодрох ч агаар хуурайшина. МАНАН-д сайн ч тал бий, муу ч тал байна. Хар өнгө байвал цагаан өнгө тод харагдаж, шөнө болдог учраас өдрийг бид мэддэг шиг. МАНАН хэрэгтэй ч гэх боломжгүй, хэрэггүй ч гэх хэрэг бас алга. Сайныг нь их, саарыг нь бага байлгахыг МАНАН-г бүрдүүлэгчид өөрсдөө хичээх ёстой. МАНАН арай удаан татвал, бас нэг рекорд тогтоовол сайн тал ч бас гарч ирж болох шүү дээ. 14 мега төслийн тал нь ч болтугай хэрэгжвэл Монголд л хэрэгтэй. Хийлгэхгүй гэсэн хүмүүс харин хаа сайгүй л байна даг. Хийлгэхгүй бол Монгол л хохирно. Үүнийг бид үе үеийн МАНАН-гаас харахаараа л нэг боллоо. Монголд үүрдийн МАНАН гэж байх боломжгүйгээс хойш үзээд алдахад яадаг юм.