Суррон, скүүтэр, дугуй унахад насны хязгаар тогтооё!


Урин дулаан цаг хаяанд ирлээ. Хүйтэнд хөрж, түгжрэлд гацдаг манай хотын зарим хүүхэд, залуус дулааны улиралд суррон, унадаг дугуй, скүүтерээр хөл дүүжилнэ. Төв талбай дугуйтай залуусын хөлд хэдийнэ дарагдсан харагдана. Нар жаргаж, гэгээ тасрахын алдад талбайн зүүн талд дугуй унасан хэдэн залуус уралдаж байв. Ахлах ангийн сурагчид бололтой. Хамгаалалтын малгай, хэрэгсэл нэг нь ч өмсөөгүй харагдана. Хоёр дугуйтай дугуйг нэг дугуйн дээр нь тогтоож, гэдрэг харуулна. Урдаа тавьсан том хар зам дээгүүр дугуйтайгаа үсрэн гарч байв. Уначих вий гэсэн айдастай харж зогссон ч миний бодсоноос нэлээн сурамгай залуус байлаа. Ёстой л өвлийн гурван сар дугуйгаар ангасан бололтой.

Тэдэн дундаа насаар дүү бололтой, бие жижигтэй нэг хөвгүүн “Ах аа! Одоо би ингэж үзье” гэж гуйлаа. “За яах вэ, ганц удаа л тэгнэ шүү. Унавал өөрөө араа даагаарай” гээд дугуйгаа өгөв. Өнөөх хүүхэд ах нарыгаа дуурайж, дугуйгаа арын нэг дугуйн дээрээ босгож байгаад гэдрэг савж уналаа. Нэлээдгүй хол шидэгдэж, тэнд байсан бүх хүн гүйж очив. Азаар ил гэмтэл, шарх байсангүй. 2 минут гаран хэвтсэний дараа “Би зүгээр ээ” гэсээр босож ирлээ. Энэ бол дугуй, скүүтер унадаг залуусын хамгийн том эрсдэл.

Манайд дугуйн зориулалтын зам хомс. Хамгаалалтын хэрэгсэл, зориулалтын хувцас өмсдөг хүн тун цөөн. Хамгийн гол нь дугуй унаж чаддаг л бол авто замд орж, тээврийн хэрэгсэлтэй хамт зорчдог. Машины замаар арын ганц дугуйн дээрээ явах, машин сүлжих зэргээр галзуу солиотой хүн мэт аашилна. Үүнээс болж, олон осол гардаг. Машинтай мөргөлдөж, явган хүний зам дээр хүн дайрч, өөрийгөө ч, өрөөлийг ч хохироодог олон жишээг бид мэднэ. Ингээд бодохоор амь эрсдэх магадлал хамгийн өндөртэй хэрэгсэлд дугуй, скүүтэр, суррон албан бусаар орж байна.

Машины зам дээр явдаг хэр нь үнэмлэх шаардахгүй, ямар ч дүрэм журамгүйгээс гадна насны ангилал ч байдаггүй. Ядаж л насны ангилал тогтоож, эрсдэлээ үүрэх чадвартай залуус машин зам дээр унадаг дугуй, сурроноор зорчих хэрэгтэй. Мөн хоёр дугуйтай дугуйг зориулалтаар нь унах хэрэгтэй. Манайд 2 жилийн өмнөөс түрээсийн скүүтер, цахилгаан дугуй явж эхэлсэн. Гэтэл зориулалтын хувцас хэрэгсэл, хамгаалалтын малгай байдаггүйд нь эгдүүцмээр.

Дугуйн байтугай, явган хүний зам ч хүрэлцээгүй энэ хотод дугуйтай залууст үүрэх эрсдэл их байна. Энэ жил дахиад ярьсаар, харсаар суух гэж үү.


Дугуйчин залуу Х.Батхишиг: Дугуйн зориулалтын зам тэр бүр байдаггүй учраас осол гардаг. Замтай бол замаараа л явна шүү дээ. Ер нь насны ангилал тогтоож, хамгаалалтын хувцас, хэрэгсэлтэйгээр авто замд тээврийн хэрэгсэлтэй хамт зорчихыг зөвшөөрөх хэрэгтэй байх. Дүрмээ мэдэхгүй 10 жилийн хүүхдүүд “Дугуй унаж чаддаг л юм чинь” гэсэн бардам зан гаргаж, машины зам руу орсноос осол их гардаг. Надад ч тийм зүйл тохиолдож байсан. Залуучууд дугуйг зүгээр унаж чадахгүй байна. Машин зам руу орсноо ар дугуйн дээр нь тогтоож, хоорондоо уралдана. Тэр чинь тусдаа талбайд, хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байж хийх ёстой үйлдэл шүү. Дугуй, скүүтер унах нь буруу биш. Харин замаа нэмээд, дүрэм журам тогтоовол болох хэрэг” гэв.

Хавар эхлэв үү, үгүй юү түрээслэгчид дугуй, скүүтерээ аль хэдийнэ зам дээр гаргаад эхэлчхэж. Сурронтой залуус машины урьд холхилдож, ар дугуйн дээрээ яваад эхэлж. Тогтсон нэг дүрэм, насны хязгаар тогтооё. Болохгүй юм аа гэхэд хамгаалалтын хувцас өмсгөж, хурдны замд дугуй унахыг зөвшөөрдөг болмоор байна. Унадаг дугуйнаас болж эрсдэх монгол хүний эрүүл мэнд, амь нас дэндүү хайран.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *