П.Броснан: Жеймс Бондын дүрд британи хүн тоглох ёстой


Жүжигчин Прис Броснан “Sunday Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа “Тагнуулч Жеймс Бондын дүрд сонгогдон тоглох дараагийн жүжигчин британи хүн байх ёстой” хэмээн хэлсэн байна. Тэрээр тагнуулч Жеймс Бондын дүрд британи жүжигчин тоглох нь “зүй ёсны хэрэг” гэжээ.

Мөн тэрээр Жеймс Бондын франчайз эрхийг эзэмшигч продюсеруудыг “Amazon” компанид эрхээ шилжүүлэн өгсөн явдлыг “зөв шийдвэр” гэж үзэж байгаа талаараа ярьсан байна. “Amazon” компанийг Жеймс Бондын дүрд нэр төртэй, хүндэтгэлтэй хандаж, цувралыг цаашид амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт би итгэж байна” хэмээн Пирс Броснан хэлсэн байна.

Өдгөө 71 настай Ирландын жүжигчин Пирс Броснаны хувьд Жеймс Бонд цувралын 1995 оны “Алтан нүд”, 1997 оны “Маргааш хэзээ ч үхэхгүй”, 1999 оны “Дэлхий хүртэл хангалтгүй”, 2002 оны “Өөр өдөр үх” гэсэн 4 ангид Жеймс Бондын дүрийг бүтээсэн байдаг. 

Түүний дараа Английн жүжигчин Дэниел Крейг тагнуулч 007-ийн дүрийг нийт 5 кинонд бүтээсэн юм. Британийн тагнуулчийн дүрд тоглох дараагийн жүжигчин хэн байх вэ гэдэг шийдвэрийг одоо “Amazon MGM Studios” гаргахаар болоод байна. Одоогоор Английн жүжигчин Жеймс Нортон, Аарон Тэйлор-Жонсон, Тео Жеймс, Ирландын жүжигчин Пол Мескал, Силлиан Мерфи, Эйдан Турнер, Австралийн жүжигчин Жейкоб Элорди, Америкийн жүжигчин Остин Батлер нарын нэрс яригдаж байгаа ажээ. Түүхэндээ Жеймс Бондын дүрд Шон Коннери, Рожер Мур, Тимоти Далтон, Дэниел Крейг гэсэн Британийн 4 жүжигчин, Ирландын жүжигчин Пирс Броснан, Австралийн жүжигчин Жорж Лэзенби нар тоглож байсан юм.

Зохиолч Иан Флемингийн эх зохиол дээр тагнуулч Жеймс Бондын эцэг нь шотланд, эх нь швейцарь хүн байдаг байна. Жеймс Бонд цувралын хамгийн сүүлийн анги 2021 онд гарч байсан бөгөөд шинэ анги хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *