АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснийхөө дараа ил болгоно гэж мэдэгдэж байсан АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн аллагын хэргийн 80 мянган хуудас бүхий баримт материалыг нийтэд ил болгохоор болсноо даваа гарагт зарласан бол орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш Жон Кеннедигийн аллагатай холбогдох засварлаагүй 63 мянган хуудас бүхий баримт материалыг олон нийтэд ил болгоод байна.
Д.Трамп даваа гарагт Вашингтон хот дахь Жон Кеннедигийн нэрэмжит Тайзны урлагийн төвд зочлох үеэрээ “бидэнд маш олон тооны баримт материалууд байгаа, та бүхэн унших зүйл ихтэй байх болно” гээд 80 мянган хуудас баримт материалыг ил болгохоо мэдэгдсэн юм.
Харин мягмар гарагт АНУ-ын Үндэсний архивын албаны зүгээс өөрсдийн албан ёсны вебсайт дээр ил болгосон материалууд нь 63 мянга гаруй хуудас баримт материалыг багтаасан 2200 орчим файлаас бүрдсэн байна. Тодруулбал, гэрэл зургууд, дуу бичлэгүүд, холбооны агентлагуудаас авсан мэдээллүүд болон аллагын хэргийг мөрдөн шалгах комиссын баримт материалууд багтжээ.
Жон Кеннедигийн аллагатай холбоотой материалууд, дуу бичлэг, гэрэл зураг, дүрс бичлэг болон бусад биет эд зүйлс гээд АНУ-ын Үндэсний архивын албанд хадгалагдаж байсан 6 сая гаруй баримт сэлтийн дийлэнх хэсгийг өмнө нь ил болгочихсон байсан юм.
Энэ удаад өмнө нь ил болгож байгаагүй, аллагын хэргийн анхны мөрдлөгтэй холбогдох баримт материалуудын засварлаагүй эх хувилбаруудыг ил болгоод байгаа бөгөөд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд дээрх 60 мянга гаруй баримт материалуудтай танилцаж, гүн гүнзгий судалгаа хийсний дараагаар олон нийтэд мэдээллэх талаараа мэдэгдээд байна.
АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Фитцжеральд Кеннеди 1963 онд Техас мужийн Даллас хотноо буудуулан амиа алдаж байсан бөгөөд тухайн үед аллагын хэрэгтэй холбогдуулан цагдаа нар ойролцоох барилгаас 24 настай Ли Харви Освальд гэгчийг барьж байсан бол хэдхэн хоногийн дараа түүнийг өөр шоронд шилжүүлэх үеэр Жек Руби гэгч эрэгтэй буудан хороож байсан түүхтэй.
Жон Кеннедигийн аллагын хэргийг улс төрийн томоохон хуйвалдаан байсан, үүнд АНУ-ын Тагнуулын төв газар хүртэл оролцсон гэх зэргээр олон таамаг дэвшүүлдэг ч 1964 онд АНУ-ын ерөнхийлөгч Линдон Б.Жонсоны тушаалаар байгуулагдсан аллагын хэргийг мөрдөх Уоррены комиссын зүгээс улс төрийн хуйвалдаан байсныг гэрчлэх нэг ч нотлох баримт олдоогүй, Ли Харви Освальдыг уг хэргийг цор ганцаараа үйлдсэн гэсэн эцсийн дүгнэлтийг гаргаж байсан билээ.