Гуравдугаар сарын 18-нд шилжих шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог.мн саитын байранд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилтнуудыг нь саатуулан, оройн 22:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл мэдүүлэг авсан билээ. Тухайн асуудалтай холбогдуулан, шөнийн цагаар иргэдийг саатуулан, байцааж мэдүүлэг авах нь хууль зөрчсөн үйлдэл болон эрүү шүүлтийн хэлбэр мөн эсэхийг ХЭҮК-оос тодруулав.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч тодорхой цаг хугацаа зааж, дуудан ирүүлэх ажлыг нээлттэй үлдээснээс ийм асуудал гараад байгаа юм. Хэн нэгэн иргэнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаад, сэжигтэн, гэрчээр мэдүүлэг авахдаа ажлын бус цагаар дуудахад, шууд таагүй байдал үүснэ.
Хуулийн зохицуулалт хэт ерөнхий байгаагаас энэ нь үүдэлтэй. Үүнээс биш мөрдөгч шөнийн цагаар дуудан ирүүлэх бичиг явуулж болохгүй гэхэд илт хууль зөрчөөд байгаа асуудал огт байхгүй. Тиймээс хуульд аль хэрэг дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулах вэ? “Энгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн иргэнийг дуудан ирүүлэхдээ зөвхөн ажлын цагаар дуудна” гэдэг нарийвчилсан зохицуулалт хийж өгөх шаардлагатай.