Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлыг УИХ-д өргөн барьж, улмаар Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах төслийн үлдсэн асуудлуудыг тохиролцсон талаар Евразийн эдийн засгийн комисс энэ сарын 20-нд мэдэгдэл гаргасан.
Уг асуудлаар ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Анар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр ЕЭЗХ-ны хэлэлцээр Монголд ашигтай байхаар нөхцөл бүрдүүлсэн гэв.
ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Анар:
-Нийтдээ 23 бүтээгдэхүүнийг дотоодын аж ахуйн нэгжүүд, ХХААХҮЯ-аар ахлуулсан ажлын хэсгүүд тодорхойлсон. Тухайн 23 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотойгоор нэмэлт хэлэлцээ хийсэн. Энэ 23 бүтээгдэхүүнээс 8-ыг нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудаас Монгол руу оруулж ирэх барааны жагсаалтаас хасуулсан. Үүн дотор сүү, шар сүү, өтгөрүүлсэн сүү гэх мэт 8 бүтээгдэхүүн бий. 11 бүтээгдэхүүн дээр хэлцэл хийгээд, тус холбоогоор буулт хийлгэж чадсан. Эдгээр нь өндөг, будаа, улаанбуудай, хуурай сүү зэрэг анхаарал татах бүтээгдэхүүн байсан.
Өндөг, хуурай сүүг Монгол Улс зайлшгүй жил болгон авч хэрэглэдэг. Хамгийн бага хэмжээгээр буюу тухайн бүтээгдэхүүнийг импортоор авах доод квот тохироод, тэр квот дээр тодорхой хэмжээний тарифын хөнгөлөлт эдлэх хэлэлцээр хийсэн. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд нөлөөлөхгүй байхаар хэлцэл хийсэн. 23 бүтээгдэхүүнээс өрмөнцөр, иогурт зэрэг 4 бүтээгдэхүүнд айлын тал буулт хийгээгүй. Уг хэлэлцээрт гурил байхгүй.