Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 24-өөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.
Гуравдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Энэ сарын 27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, 29-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 26-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 27-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -11…-16 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.