Ай.Төмөр-Очир: Ард иргэдийн амьдралын түвшин “Бүх бараа 1800” дэлгүүрээс дээшээ гарахгүй байна


МУСГЗ, яруу найрагч, зохиолч Ай.Төмөр-Очиртой хувийн өмч, авто тээврийн татвар, хураамжийн талаар ярилцлаа.

———————————————————————–

-Хотын дарга “Болдхэт ирж зөвшилцөл хийсэнгүй” гээд “газрыг нь хурааж авна” гэж мэдэгдсэн. Төр хувийн өмчид ингэж халдаж болох уу?

-Хэзээ ч болохгүй. Бид ардчиллаас ухарч байгаагийн илрэл. Би төр түмэндээ хайртай хүн. Манай нам, танай нам гэх зүйл байхгүй. Хэлэх ёстой зүйлээ хэлэх л хэрэгтэй гэж боддог. Би олон жил хэнээс ч хараат бусаар үгээ хэлж яваа хүн. Сүүлийн үед нийгэм айдастай, үхээнц, зүрхгүй, зориггүй болчихлоо. Ер нь ард түмэн төр засгаас зугтаад байгаа тал ажиглагддаг. Төр засаг ард түмнээ далдичуулаад байх шиг. Юманд хэмжээ гэж бий. Энэ хэргийн хувьд бол хувийн өмч, хувь хүний орон гэр рүү эрх мэдэл, албан тушаалаар түрий барьж дайрч байна. Би ийм явдлыг огт таашаадаггүй. Нийгэм жам ёсоороо, зүй тогтлоороо урагшилж байх ёстой. Юунаас айгаад, яагаад амыг нь барих гээд байгаа юм бэ.

Зарим сэтгүүлчид, уран бүтээлчдийг хорьж, цагдаж, шалгаж, байнгын хяналтад байлгадаг. Үнэхээр айдастай. Уг нь өөрийн зүй тогтлоороо хөгждөг, эрх чөлөөтэй үгээ хэлдэг, төр засаг нь хувийн өмч рүү халддаггүй нийгэмд амьдармаар байна шүү дээ. Айдсын уургаар ард түмнээ гөлгөнүүлдгээ болих хэрэгтэй. Монголын төр үүнийгээ зогсоо.

-Автомашины татвар гурав дахин, авто замын хураамж тав дахин нэмэгдсэн. Хөдөө орон нутгийн авто машин нийслэлд хоногт 48 цагаас дээш зорчвол 5000 төгрөгийн хураамж төлдөг болсон. Энэ бүхнийг түгжрэлийг бууруулахын тулд гэж тайл барлаж байна. Энэ үнэхээр түгжрэлийг бууруулж чадах болов уу?

-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Түгжрэл торгууль, татвараар хэзээ ч шийдэгдэхгүй. Ийм жишээтэй улс дэлхийд байхгүй шүү. Ерөөсөө л татварыг бууруулах ёстой. Татвар төлөөд сайхан амьдрах байсан бол аль хэдийнэ болчих л байлаа. Ард иргэд үнэндээ цөхөрч байна. Татвар хэмжээтэй байх ёстой. Иргэдийнхээ амьдралтай уялддаг байх ёстой. Мөн төр хот, хөдөөгөөр нь ялгаварлан үзэж болдог юм уу. Яагаад иргэд нь улсынхаа нийслэлд үнэгүй зорчиж болдоггүй юм бэ. Алхам тутамд нь татвараар хөлийг нь дөнгөлдөг. Гэтэл ард түмний амьдрал уландаа тулаад байдаг. Би хааяа шоглож боддог юм. Манай гэрийн энд ойрхон “Бүх бараа 1800 төгрөг” гэсэн дэлгүүр байдаг юм. Энэ дэлгүүрээс л монголчуудын амьдралын чанар харагдаж байгаа юм. Иргэд 1800 төгрөгөөс дээш үнэтэй бараа худалдан авч чадахаа больж байна шүү дээ. Авто тээврийн татвар бол арай дэндүү. Манай шийдвэр гаргах түвшний хүмүүс эзэн Чингис хааны хэлсэн нэг сургаал үгийг санаасай. Биеийн хүчээр нэгийг дийлдэг. Ядаж бөхчүүд ариун баймаар байна. Улс төрд ороод, хулгайч болоод явахаа болих хэрэгтэй. Түүний оронд билиг оюуны хүчээр аливаа үйл хэргийг шийддэг эдийн засагч, инженер, хуульч нарыг тэргүүнд тавимаар байна. Монголд оюун санаа үнэгүй байна. Ийм нөхцөлд улс орон урууддаг юм. Ийм гутамшиг гэж байх уу.

-Одоо автомашины дугаар доод тал нь 1.400.000-аас эхэлж байна. Үүнд иргэд их бухимдалтай байгаа.

-Энэ бол ард иргэдэд “Ингээд та нар машин унаарай” гэж хэлж буйн дохио. Өнөөдөр Монголд 1.400.000 төгрөг төлөөд дугаар аваад, автомашин худалдан авах хүн их л ховор байх даа. Замын түгжрэлийг авто замын инженерүүд шийддэг юм. Мөнгө хураагаад, торгож, цагдаад, хэзээ ч шийдэгдэхгүй ээ. Үүнийг Долоон буудлын цаана байгаа Должин эмээ ч мэднэ. Ийм тэнэг, мунаг шийдвэр ард түмнийг туйлдуулж байна шүү дээ.

-Энэ бүхний эцсийн үр дүн юу вэ?

-Ерөөсөө ард түмнээ гөлгөнүүр болгож эрхэндээ оруулах. Ямар ч зориггүй. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж чаддаггүй. Бадрангуй хүн нэг ч алга. Бөөн айдастай хүмүүс. Мөрөөдөл гэж байхгүй. Ер нь манайх шиг ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг мохоодог улс хаана байна. Бялдуучлагчид, цүнх баригчид олширчээ. Үхээнц, хийморь лундаагүй, хүлэгдэж, баглагдсан ард түмэн. Бодох, сэтгэх, ярьж, хэлэх зүйлгүй эзэнгүй биенүүд. Ийм байж хэрхэвч болохгүй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *