Манай улс стратегийн 16 орд дээрээ 39-ийг нэмэхээр төлөвлөв. Засгийн газар энэ төлөвлөгөөнд нь хамгийн их саад хийж байгаа дайснаар Х.Баттулгыг тодруулж, Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордыг онцоллоо. Ямар нэг ажил хийх болохоороо хэн нэгнийг дайсан этгээдээр тодруулж, түүнийгээ ард олонд амны бай, нүдний өргөс болгон хаяж өгөөд, араас нь дайснаа дарсан нэр зүүж, дархан цолоо мандуулан, сүр үзүүлдэг тактикаа энэ удаад ч хэрэглэсээр л явна, Л.Оюун-Эрдэнэ. Түүний дайсан Х.Баттулга одоо ард түмний дайсан болов. “Х.Баттулга ард түмэнд 10%-иа зарахгүй байна. Х.Баттулга ордынхоо 34%-ийг Монголын төрд өгөхгүй байна. Х.Баттулгаас 34%-иа авчихвал Үндэсний баялгийн сан мөнгөтэй болно. Х.Баттулга 10%-иа олон нийтэд хувьцаа болгоод зарчихвал ард түмэн стратегийн ордын эзэмшигч болно” гэнэ дээ. Засгийн газар дайснаа дарах дархан мэхээ угсруулан хийсээр …
Өнөө Х.Баттулга нь харин таг. Хар цагаан дуугүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг л болж байгаа биз. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржини арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. “Байгалийн баялгийг иргэддээ өгье” гэж ярьж яваа чинь ч үнэн. Та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компанитайгаа өөрөө учраа олж, асуудлыг шийд гэж 7 хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээ авах болно” гэж анхаарууллаа. Энэ хугацаа 4-р сарын 9-нд дуусна.
Н.Учрал ууртай явна. Засгийн газар стратегийн орд эзэмшиж буй хувийн компаниудтай хэлэлцээ хийх санал тавьж байгаа ч нааштай үр дүн гарахгүй байгаа янзтай. УИХ 2007 оны 27-р тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж баталж, 2-р хавсралтаар 39 бүлэг ордын жагсаалт гарган, нөөц нь батлагдсаны дараа стратегийн ордод хамааруулах эсэхийг шийдэхээр тусгасан байдаг. 2015 онд УИХ-ын тогтоолоор Гацууртын алтны ордыг стратегийн ордын жагсаалтад нэмж, 16 болгожээ.
Үүний 7 нь төрийн, 9 нь хувийн эзэмшилд бий. Хувийн 9 ордын 2-ыг нь МАК, бусдыг нь гадаадын дан болон хамтарсан компани эзэмшдэг. Гадаадынхны мэдэлд орсон ордуудын заримынх нь тодорхой хувийг төр зэмшдэг. Үүн дундаас Цагаансуварга, Нарийнсухайтыг Засгийн газар онцлон, МАК компанитай “дайтаж” байгаа. Б.Нямтайшир, Н.Номтойбаяр хоёроос Цагаансуварга, Нарийнсухайтын 34%-ийг салгачихвал бусад нь аандаа бариад ирнэ гэж Засгийн газар тооцож байх шиг. Энэ сөргөлдөөн дуусаагүй байхад Л.Оюун-Эрдэнэд дахин нэг “дайсан” олдсон нь Х.Баттулга.
Төгрөг нуурын орд стратегийнх болохын учир
Түүний гадаадынханд зарсан гэх Төгрөг нуурын ордыг эрдэс баялгийн нөөцөд бүртгээгүй аж. Энэ илэрцийн нэг хэсэгт нь 1983-1985 онд улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж, 3.1 тэрбум тонн хүрэн нүүрстэй гэсэн урьдчилсан таамаг гаргажээ. Таамаг бол тодорхой зүйл биш. Тийм ч байж болно, үгүй ч байж болно. Нарийвчилсан хайгуул хийж, олон цооног өрөмдөн, гаргаж ирсэн нүүрснийхээ дээжийг лабораторид шинжлүүлж, хурлаар хэлэлцүүлж байж тэр таамгийг батлах, эсвэл үгүйсгэх ёстой. Түүнээс биш таамгаар юм ярих нь тийм ч зохисгүй.
Гэхдээ… Уг судалгаагаар энэ ордыг хэтийн төлөв сайтай томоохон орд гэж үнэлсэн байна. Энэ бол хэн ч сонсоход сайхан үнэлгээ. Хайгуул хийж чадвал нэмж нөөц илрүүлэх боломжтой гэсэн үг. Улаанбаатараас 180 км зайтай оршдог нь ордыг үнэд оруулах бас нэг шалтгаан. Эрчим хүчний сүлжээ, төмөр замд ойр, байршил сайтай газарт байрладаг нь Төгрөг нуурын ордын үнэлгээг өсгөдөг 3 дахь хүчин зүйл. Энэ бүхэн нийлээд, Төгрөг нуурын ордыг стратегийнх болгодог. Хэдийгээр коксжихгүй, хүрэн нүүрс ч гэлээ дулааны цахилгаан станцад шатаан, эрчим хүч гаргаж авах боломжтой. Нүүрсийг янз бүрээр ашиглах технологи шинээр бий болох тусам энэ ордын үнэ цэнэ унахгүй.
Төгрөг нуурын сав газрын Тахилт гэдэг газрыг анх 1995.06.27-нд “Нэйчө” ХХК Тахилтын нүүрсний орд нэртэйгээр авчээ. Геологи, уул уурхай, кадастрын алба уг талбайд 228А лиценз олгосон байв. Тус компаниас 2005.04.28-нд “Хайрхан трейд” ХХК лицензийг нь аваад, 2005.09.01-нд “Төгрөгнуурын-Энержи” ХХК-д шилжүүлжээ. “Төгрөгнуурын-Энержи” ХХК 2006 онд уг лицензээ “Капитрон” банканд барьцаалан, зээл авч, 2007 онд барьцаанаас чөлөөлжээ.
Уг ордын дэргэд “Нэйчө” ХХК-ийн эзэн Ч.Тэгшсайхан 9487Х лицензийг 2005.03.23-нд авч, 2005.04.28-нд Ц.Гантөмөрийн нэр дээр шилжүүлжээ. Ц.Гантөмөр уг лицензээ 2005.07.27-нд “Төгрөгнуурын-Энержи”-д өгсөн байна. Уг лицензийг тус компани 2006 онд “Капитрон” банканд 228А лицензтэй хамт барьцаалан, зээл аваад, жилийн дараа лицензээ суллан авчээ.
Төгрөг нуурын нүүрсээр шахмал түлш хийсэн нь
Энэ үед буюу 2007 онд “Төгрөгнуурын-Энержи” компани ОХУ-ын “Сибтермо” компаниас утаагүй түлшний технологийг үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй нь худалдан авч, тоног төхөөрөмжөө 10-р сард суурилуулж, 12-р сараас Улаанбаатарын хэрэглэгчдийг утаагүй түлшээр хангаж эхэлсэн юм. “Төгрөгнуурын-Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Дүгэржав нарын эрдэмтдийн шахмал түлшний төслийг тухайн үед улсын төсвөөс санхүүжүүлэхээр болж, 17 тэрбум төгрөг тусгажээ. Гэвч үүнд нь МАН-ын зарим нөхөд саад болж, шахмал түлшинд зориулсан мөнгийг өөр зүйлд зарцуулснаар шахмал түлшний үйлдвэр үүдээ барьж, Улаанбаатар утаатайгаа үлдсэн дээ.
Утаагүй түлшээ Төгрөг нуурын хүрэн нүүрсээр хийсэн. 18 жилийн өмнө шүү дээ. Тэгвэл одоогийн шахмал түлшийг 2019 онд үйлдвэрлэж эхэлсэн. “Тавантолгой түлш”-ийг шахмал түлш хийхээс 12 жилийн өмнө “Төгрөгнуурын-Энержи” шахмал түлш үйлдвэрлэж байв. 2008 оноос эхлэн жилд 100-гаад мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэн, хэрэглэгчдэд нийлүүлсэн ч нүүрснээс өөр түлш мэдэхгүй монголчууд шахмал түлшийг ойлгоогүй юм. Одоо бол хүчээр л түлүүлж байна. Тэр үед хүчлээгүй. “Төгрөгнуурын-Энержи” шахмал түлшээ термококс технологиор үйлдвэрлэсэн. Тэр нь хүрэн нүүрсэнд зориулсан технологи байлаа. Уг түлшийг тэр үед хүчээр хэрэглүүлсэн бол өдийд Улаанбаатарын агаар ямар ч байх байсан юм билээ.
Төгрөг нуурыг одоо хэнээс нэхэх вэ?
“Төгрөгнуурын-Энержи” компани хайгуулын өөр талбай нэмж авахаар Геологи, уул уурхайн кадастрын албанд хандан, 2008.04.11-нд MV-013533 дугаарын тусгай зөвшөөрөлтэй Тахилт-1 талбайтай болжээ. Энд хайгуул хийж, 68 сая тонн нүүрсний нөөц тогтоон, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, уурхай нээх ТЭЗҮ-ийг 2008 онд батлуулжээ. Тус компани одоо МV-000228, МV-013533, MV-013553, МV-015429 гэсэн 4 лицензтэй.
Тахилт ордод 1983-1985 онд урьдчилсан хайгуул хийхдээ улсын төсвөөс зарцуулсан мөнгийг “Төгрөгнуурын-Энержи” компани улсад нөхөн төлсөн байна. Төгрөг нуур орчимд тэр үед улсын төсвөөс 113.358 төгрөг зарцуулжээ. Үүнийг Засгийн газрын тогтоолын журамд заасан аргачлалын дагуу тухайн үеийн ханшаар хөрвүүлэн, 21.480 ам.доллар төлсөн байна.
Энэ бол алсыг харсан шийдвэр байлаа, тухайн үедээ. Улсын төсвөөр хайгуул хийсэн гэдэг үндэслэлээр уг ордыг Засгийн газар буцааж нэхэх магадлалыг тэр үедээ тооцжээ. Одоо яг л тийм юм болж байна. Мөнгийг нь төлчихсөн, уг мөнгийг Засгийн газар хүлээж аваад, зарцуулчихсан байдаг. Тэгэхээр одоо Засгийн газар тэр ордыг хэн нэгнээс нэхэх эрхтэй юм болов уу?
Зарсан үрсэн тухай хэрүүл хийж байхаар, стратегийн ордын жагсаалтдаа уг ордыг албан ёсоор бүртгэж аваад, одоогийн эзэмшигчээс нь 34%-иа нэхэх нь зүйд нийцэх мэт. Ер нь тэгж л таарах болов уу? Эсвэл Х.Баттулга уг ордын лицензүүдийг буцаагаад аваад ирнэ гэж байх уу?
Гэхдээ… Төгрөг нуурын бүлэг ордыг одоо “Төгрөгнуурын-Энержи”, “Төгрөг тал”, “ТНЭ”, “Монроспром-Уголь”, Тэгш сайхан”, “Цайдам нуур”, “Цэцэнс майнинг”, “Адамс майнинг”, “TCL” зэрэг 14 компани эзэмшдэг. Тэд ч бас 34%-иа амар өгөхгүй л гэх байх. Тэдэнд сануулга болгон, Х.Баттулгыг шонд өлгөж байх ч болох. Өнөөх нь ч өлгүүлэх юм хийчихсэн хойно, яая гэх вэ дээ.
Төгрөг нуурын зарим хэсэг гадаадынх болсон түүх
2006.08.17-ны өдөр “Сamex” гэдэг компанийг ашигт малтмалын хайгуул, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Ядамсүрэнгийн Батсүхийг томилон, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ингээд “Төгрөгнуурын-Энержи”-гийн 2000 ширхэг хувьцааг “Сamex” компани 350 сая төгрөгөөр худалдан авав. “Сamex” компанийн 54.5%-ийг 2007.06.26-нд Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ Чү Лонг, БНХАУ-ын иргэн Деннис Лим нарт шилжүүлжээ.
Үүний дараа 2007.08.13-нд “Сamex” компаниа Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” буюу “CAMEX PTE” компанид шилжүүлж, Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлжээ. Үүнээс үзвэл “Төгрөгнуурын-Энержи”-г Х.Баттулга хэрхэхээ сайтар төлөвлөн, компанийнхаа нэрийг хүртэл “Camex” гэж өгсөн байгаа юм.
“САМЕХ PTE” компаниа Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Велл делайт холдинг лимитед” гэх оффшор компанид шилжүүлжээ. Тус компани Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан, Кайманы арлуудад бүртгэлтэй “Минг Хинг уотерворкс холдингс лимитед” компанид 250 сая ам.доллароор Төгрөг нуурын ордын тусгай зөвшөөрлүүдийг худалдсан байна.
Х.Баттулга Сингапурт 2000.02.24-нд байгуулсан “Женко холдингс PTE” гэх офшор компанитай нь илэрсэн. Уг компанидаа “Төгрөг нуурын ордыг зарж олсон мөнгөө нуусан гэж хууль хяналтынхан сэжиглэмэгц, 2020.11.09-нд уг компаниа татан буулгасан байдаг.