Д.Казинс: Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая


Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улиралд хамгийн том шуугиан тарьсан, хамгийн том “зочин” урьсан баг бол “Selenge Bodons”. Тэд энэ улирлын тэмцээнийг аваргын төлөө зүтгэх том зорилготой эхэлж, АНУ-ын тамирчин олимп, Дэлхий, NBA-ын супер од Д.Казинсийг багтаа нэгтгэсэн. Үүнийгээ ч тэд батлан харуулж, хүчирхэг “BCH Knights” багийг плей-оффын эхний шатанд буулган авч, аваргуудтай 7 тоглолтын турш өрсөлдөв. Нөгөө талаар сагсан бөмбөг сонирхдог олон хүүхэд, залуус гэлтгүй сагс сонирхдоггүй хүмүүсийг ч энэ спортод дурлуулав.

Плей-оффын хоёрдугаар шатанд бодонгууд аваргуудтай учраа таарч, 3:1 харьцаатай хүнд байдалд орсон. Улмаар цувралын 5, 6 дахь тоглолтод “Selenge Bodons” баг нягт байж, хүлгүүдийг буулгаж авснаар флей-оффын шатны анхны долоо дахь тоглолтыг гаргаж, сагсан бөмбөг сонирхогчдод том бэлэг барив.

Сагсан бөмбөгийн хамгийн гоё холбоо үг бол долоо дахь тоглолт гэж ярьдаг. Долоо дахь тоглолтод хожих эсвэл гэртээ харих хоёрхон зам байдаг учраас хамгийн сонирхолтой тоглолт болдог. Энэ ч утгаараа өчигдрийн “Хасын хүлгүүд”, “Сэлэнгэ бодонс” багийн тоглолт эхнээсээ энэ тэнцүү явсаар эцсийн мөчид ялагч нь тодров. Энэ тоглолтод “Хүлгүүд”-ээс Иан Миллер, С.Биндэръяа нар тун сайн тоглож, багаа аваргын төлөө тоглоход нэг алхам ойртууллаа.

Нөгөө талаас Ахмад Гилберт 31 оноо авч, багаа тэргүүлсэн ч хожил авахад хангалттай байсангүй. Гэхдээ тоглолтын дараа түүний гаргаж буй сэтгэл хөдлөл ямар их хичээснийг нь тодорхой харуулна.

Ингэснээр хоёр багийн цуврал өндөрлөж, “Сэлэнгэ бодонс” улирлаа өндөрлүүлж, лигийн тэмцээнд гуравдугаар байрт оров. Шинээр гарч ирж буй бодонгуудын хувьд энэ нь чамлахааргүй том амжилт. Тус багийн гол тоглогч Д.Казинс нутаг буцаж, хүлгүүд финалд үлдэв.

Д.Казинс хэдэн төгрөгийн хөлсөөр Монголд ирсэн нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг ихэд татаж буй. Гэхдээ гэрээний мөнгөн дүнг хоёр тал харилцан тохиролцож нууцалсан. Түүний бусад улсад тоглосон багц үнэ нь 140.000$-180.000$ доллар аж. Үүнд бие хамгаалагч, жолооч, зочид буудлын зардал ороогүй. Ингээд тооцохоор Д.Казинс багадаа 500 сая төгрөгөөр “Сэлэнгэ бодонс” багт нэгджээ.

Ийнхүү тоглолтын дараа Демаркус Казинс Монголд ирсэн сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Энэ дунд “Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая” хэмээн бичжээ. Энэ нь түүнийг дараа улиралд дахин ирнэ гэдгийг илтгэж буй юм. Үүнд ч гэсэн Монголын сагсан бөмбөг сонирхогчид ихэд талархаж, “Баярлалаа Бүүгий, дараа дахин уулзацгаая” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *