Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхээс Юн Сок Ёлыг импичментээр огцруулах шийдвэр гаргасантай холбогдуулан тус улсын засгийн газраас ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуулийг урьдчилсан байдлаар 6-р сарын 3-ны өдөр явуулахаар тогтсоныг Ёнхап агентлаг даваа гарагт мэдэгдлээ.
Засгийн газрын албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ долоо хоногт явагдах кабинетын уулзалт хуралдааны үеэр дээрх товыг албан ёсоор баталгаажуулах болно гэжээ.
Тодруулбал, төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэгч БНСУ-ын ерөнхий сайд Хан Доксу мягмар гарагт засгийн газрын хуралдааныг зохион байгуулахаар болсон бөгөөд хуралдааны үеэр ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуулийн товыг батлахаар төлөвлөсөн байна.
БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу ерөнхийлөгчийг импичментээр албан тушаалаас нь огцруулсан өдрөөс 60 хоногийн дотор багтаан дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах ёстой.
Ийнхүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн тов үндсэндээ тодорхой болсноор улс төрийн намуудын нам доторх сунгаа эхлэхээр болж байна.
Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн шүүхээс гаргасан Юн Сок Ёлыг импичментээр огцруулах шийдвэр гарсны дараагаар ерөнхийлөгчийн ордны дээрх төрийн тэргүүний бэлгэдэл болох галт шувуу бүхий туг далбааг буулгаж, бямба гарагт ерөнхийлөгчийн албаны вебсайт түр хугацаанд хаагдаж, Юн Сок Ёлын нийгмийн сүлжээн дэх хуудсуудад өөрчлөлт орсон байна.
Түүнчлэн хуулийн дагуу өмнөх төрийн тэргүүнтэй холбогдох албаны бүхий л бичиг баримтуудыг ерөнхийлөгчийн албаны архивт шилжүүлэх ажлыг энэ долоо хоногт явуулах болно гэдгийг ням гарагт БНСУ-ын дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
Мөн өнгөрсөн бямба гарагт ерөнхийлөгч асан Юн Сок Ёл гэргийн хамт ерөнхийлөгчийн ордноос нүүсэн байна.