“A Minecraft Movie” нээлтийн долоо хоногтоо 300 сая ам.долларын орлого олжээ


Видео тоглоом сонирхогчдын дунд алдартай Minecraft тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн долоо хоногтоо дэлхийн хэмжээнд 300 сая ам.долларын орлого олоод байна.

Уг киноны найруулагчаар Жаред Хесс ажиллаж, гол дүрүүдэд Холливудын алдарт жүжигчин Жек Блек, Жейсон Момоа, Женнифер Күүлидж нар тоглосон юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “A Minecraft Movie” киноны нээлтийн долоо хоногийн орлогын тал орчим хувийг Хойд Америкийн бүс нутгийн кинотеатруудын орлого бүрдүүлсэн байна.

Нийт 150 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус кино ийнхүү нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо киноны төсвөө хоёр нугалаад байгаа бөгөөд кинотеатруудаас буух хүртэл орлогын хэмжээ нь нэмэгдэх нь тодорхой.

Кино шүүмжлэгчид, томоохон мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс тус кинонд өгсөн дунджаас доогуурх үнэлгээнүүд гэр бүлээрээ кинотеатрыг зорьж очиж үзэх үзэгчдийн урсгал, тоо хэмжээг зогсоож чадаагүй байна. 

Зөвхөн гэр бүлийн кино гэлтгүй мөн дэлхийн хэмжээнд 300 сая гаруй хувь борлогдсон видео тоглоомоос сэдэвлэн бүтээгдсэн учраас Minecraft тоглоомын сонирхогч, шүтэн бишрэгчид мөн тус киног олноороо очиж үзэж байгаа ажээ.

“A Minecraft Movie” киноны нээлтийн долоо хоногийн орлогын хэмжээ нь Warner Bros компанийн 2023 оноос хойшхи хамгийн өндөр нээлтийн орлого болсон байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *