Х.Нямбаатар: ТҮЦ-үүдээ нүүлгэ. Би өөрөө очиж шалгана


Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн Баасан /2024.04.04/ гарагт Улаанбаатар хотын есөн дүүрэг, 204 хорооны засаг дарга нартай уулзаж санал солилцсон. Энэ үеэр ТҮЦ-үүдийг буулгаж, нүүлгэх тухай онцлон ярив.

Тэрээр “ТҮЦ гэдэг байгууллага Монгол Улсад түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Хороо, дүүргийн засаг дарга нар төв зам дагуу байршилтай ТҮЦ-үүдээ нүүлгэх хэрэгтэй. Сүхбаатар дүүрэг, Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдийг ирэх долоо хоног гэхэд нүүлгэ. Би өөрөө очиж шалгана” хэмээжээ.

Тэгвэл хотын даргын шийдвэрээр өнгөрсөн амралтын өдөр 4 ТҮЦ-ийг албадан буулгасан байна. ТҮЦ нь явган зорчигчдын зай талбайг хязгаарладаг, орчныг бохирдуулдаг, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулдаг. Тиймээс тус дүүрэгт байрлах зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэжээ.

Тухайлбал: Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудал дээрх ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Тус байршлыг өнгөрсөн онд тохижуулах ёстой байсан ч автобусны буудал дээрх түргэн үйлчилгээний цэгээс шалтгаалж, ажил зогсжээ. Ийм шалтгаанаар 6 дугаар хорооны автобусны буудлыг тохицуулах ажил зогсож, он дамжсан гэж албаны хүмүүс мэдээлж байна.

Нийслэлийн хэмжээнд 1064 ТҮЦ зөвшөөрөлгүй ажиллаж байна.

Мөн тухайн ТҮЦ доор олон жил хуримтлагдсан хог хаягдлыг зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагын ажилчид цэвэрлэжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *