Сүүлийн үед БНСУ руу зорчих иргэдийн виз нь гарсан ч хил дээрээс нутаг буцах нь олширчээ. Зөвхөн 2024 онд гэхэд 1700 гаруй хүн БНСУ руу нэвтэрч чадахгүй, хил дээрээс буцаж иржээ. Тэдний нэг нь Т.Алтансувд.
Анх удаа БНСУ руу аялахаар хэдхэн хоногийн өмнө явсан түүнийг хил дээрээс буцаажээ. Тэр хил зөрчөөгүй. Албан ёсны виз нь гараад, явсан учраас хууль бус хил зөрчигч биш юм. Хил дээрээс буцсан олон хүн байдаг ч тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугарч байгаагүй. Харин иргэн Т.Алтансувд анх удаа энэ асуудал дээр дуугарч, шүгэл үлээв. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу!
-Яг ямар асуудлаас болоод, БНСУ таныг хил дээрээс буцаасан юм бол?
-БНСУ руу бид 12-р сард виз мэдүүлсэн. Хариу нь 1 дүгээр сарын сүүлчээр гарсан. Тэгээд ажилтай хүмүүс чинь ажлаа зохицуулаад, гурван сарын визээ үхүүлэхгүйн тулд нэг яваад ирье гээд 3 дугаар сарын 27-нд явсан. Хил дээр очтол 8 хүний 4-ийг нь хилээр оруулаагүй. Хүлээлгийн өрөө рүү шууд оруулсан. Мэдээж явахдаа ирж очих онгоцны тийз, тэнд очих буудлын хаягаа тодорхойлно. Миний хувьд анх удаа БНСУ руу явах гээд хил дээрээс буцаагдсан. Үүнд бухимдаад, Монголд ирээд сошиал орчинд энэ тухайгаа мэдээлсэн.
Энэ зөвхөн Т.Алтансувд гэдэг хувь хүний асуудал биш. Монгол Улсын иргэн болгоны эрх ашиг тэнд яригдаж байгаа. Ганцхан би яваад хохирчихсон биш. Надтай нийлээд, тэр өдөр 5 хүнийг буцаасан. Миний ард хоёр хүн үлдсэн. Өмнө нь гурван хүн буцаагдсан. Ердөө 1-2 өдрийн дотор 10 гаруй хүнийг хил дээрээс буцааж байна. Энэ олон хүн онгоцны тийз, зочид буудлын төлбөр гээд эдийн засаг, сэтгэл санаагаар хохироод үлдэж байна.
Биднийг буцааж байгаа шалтгаан гэхээс илүү шалтаг их гаргаж ирж байна. Анхнаасаа “Болно оо. Энэ хүн зорчих эрхтэй” гээд виз олгосон мөртөө яагаад буцааж байгаа юм. Яагаад бидний хувь хүний эрхэнд халдаж, мөнгө, карт, утсыг маань шалгаж байгаа юм. Зарим хүний захиалга өгсөн буудал руу залгаж, буудлынх нь хүн утсаа аваагүйн төлөө монгол иргэдийг хохироож байгаа юм бэ? Энэ чинь өөрөө хүний эрхийг маш ноцтой зөрчиж байна гэсэн үг. Ер нь сэтгэл санааны хувьд их сонин байдалд гурав хоног байж байгаад, нисэх буудал дээрээс агаар ч амьсгалж чадалгүй буцаж ирсэн.

-Виз гарна гэдэг чинь өөрөө тухайн улс руу нэвтрэх хамгийн том баталгаа болно биз дээ?
-Тийм. Виз гараагүй бол бид Солонгос руу зүглэхгүй. Виз олгохоос татгалзсан бол би онгоцны тийз захиалахгүй. Ерөөсөө л ойлгомжтой зүйл нь энэ. Тэгээд тэнд очихдоо ямар нэг зөрчил гаргаагүй. Хориотой бараа оруулах ч юм уу, агсам согтуу тавих, хүний биед халдах зэргээр ёс бусаар харьцаагүй. Тийм зөрчил гаргаагүй байхад аймаар дур зоргоороо.
Нэг их хүний эрх дээдэлдэг улс гэдэг ч тийм биш юм байна. Ялангуяа монголчуудыг нохой, гахай шиг, амьтнаас долоон дор үзэж байна. Мэдээж хүн зүв зүгээр байж байгаад 2-3 сая төгрөг хийсгэчхээд “Өө за за” гээд онгоцоор дэмий яваад ирэх чинь жаргалтай асуудал биш шүү дээ. Гомдолтой л байж таараа.
-Олон хүн БНСУ-т очих гэж яваад, хил дээрээс буцсан. Буцсан ч гэсэн тань шиг шүгэл үлээж, дуу хоолойгоо хүргэж байсан хүн миний мэдэхээр байхгүй. Та яагаад олон нийтэд энэ тухай хүргэхээр болсон бэ?
-Хэрвээ тийшээ яваагүй, намайг хил дээрээс буцаагаагүй бол би ингэж дуугарахгүй л байх байсан. Зүгээр л очоод ирдэг юм байна гэж бодно. Ер нь судалгаа тооноос харахад өнгөрсөн онд БНСУ 1700 иргэдийг хил дээрээс буцаасан байна лээ. Харин Монгол Улс 400 иргэнийг буцаасан байна. Тэгэхээр 4 дахин олон монголчуудыг буцаажээ. Надаас өмнө өчнөөн хүмүүсийг буцаасан. Надаас хойш ч буцааж байгаа. Яагаад өнөөдөр хэн ч энэ асуудал дээр дуугарахгүй байгааг би гайхаад л байна.
Яг үнэндээ миний тийшээ очиход зарцуулсан мөнгийг хэн, хэзээ барагдуулах юм мэдэхгүй. Миний тийз, эмийн мөнгийг хэн буцааж өгөх юм бэ. Буудлын төлбөрөө хэнээс авахаа бас мэдэхгүй байна. Ийм сонин.
Яах гэж Элчин сайдын яам, Гадаад хэргийн яам гэж байгаа юм бэ. Гадаад руу зорчиж байгаа, гадаадад байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг л хамгаалахын тулд шүү дээ. Тэр байгууллагууд ажлаа хийхгүй байна. Монголын маш олон иргэн виз мэдүүлж, БНСУ руу зорчиж байна. Гэтэл 2024 оны сүүлчээр Солонгос улсын иргэдийг Монгол улс руу визгүй зорчих эрхийг нь сунгачихсан. Энэ бол шударга бус санагдаж байгаа. Ийм дипломат харилцаа гэж юу байх вэ дээ. Одоо бол ном журмаар нь явахаас өөр аргагүй.

Хүлээлгийн өрөөнд байхдаа БНСУ дахь Элчин сайдын яамны цахим хаяг руу чаат бичсэн. “Олон монголчууд энд байна. Ядаж нэг хүн хүрээд ирж болохгүй юу? Бид хэл нэвтрэлцэхгүй байна шүү дээ” гээд бичихээр чаатаа уншаад байдаг юм байна лээ. Хариу байхгүй.
Би энэ тэмцлээ үр дүнд хүрээсэй гэж хүсэж байна. БНСУ-ын хил дээрээс буцаж ирж байгаа монголчуудын тоог цөөлөхийг хүсэж байна. Солонгост очсон олон монголчууд буцаагдах биш, тэнд очоод, эдийн засаг, сэтгэл санаагаар хохирохгүй ирээсэй л гэж бодож байна.
One response to “Т.Алтансувд: БНСУ шалтгаан гэхээс илүү шалтаг хайж, монголчуудыг хил дээрээс буцааж байна”
Шаардлага хангагдаагүй болхоор тэгсэн биз Барьцааны мөнгөтэй бол дээр Тэгээд ч ийш тийш хэсүүчлэх хэрэггүй!