УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар “Хөгжлийн банкны” гэх хэрэгтэй холбоотойгоор шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол эргүүлэн татах учиртай ч Д.Цогтбаатарын хувьд одоог хүртэл УИХ-ын гишүүний ажлаа хийсээр явна.
Дээд шүүх түүнийг авлига, албан тушаалын хэрэгт гэм буруутай гэж тогтоож, шийтгэсэн боловч шүүхийн шийдвэрийг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхой биш явж ирсэн юм. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хамгаалуулж, ялаас мултарч үлдэх нь үү гэдэг хардлага олон нийтээс гарч байсан билээ.
Тэгвэл ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор “Даваагийн Цогтбаатар гишүүнтэй холбогдох шийтгэх тогтоол шүүхээс манай дээр ирээгүй байна. Шийтгэх тогтоол ирвэл хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр манайд ирснээр бүртгэж, мөнгөн торгууль төлөх хугацааг зааж өгнө. Тэр хугацаандаа төлөхгүй бол албадлагын арга хэмжээ авна” гэж мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийн ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өчигдөр хүргүүлсэн байна. Ингэснээр Даваагийн Цогтбаатар гишүүний бүрэн эрхийн асуудал яригдахад хүрэх юм.