АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп цөмийн гэрээний асуудлаар Иран улстай өндөр түвшний шууд яриа хэлэлцээ явуулах талаар даваа гарагт хэлсэн байна. Тэрээр АНУ, Ираны яриа хэлэлцээ энэ долоо хоногийн бямба гарагт явагдана гэлээ.
Тэгвэл цөмийн гэрээ байгуулах асуудлаарх АНУ, Ираны шууд яриа хэлэлцээ энэ долоо хоногт явагдана гэдгийг Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи мөн батлан мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн Х хуудсанд нийтлэсэн мэдэгдэлдээ хоёр талын уулзалт 4-р сарын 12-ны өдөр зуучлагч Оман улсад зохион байгуулагдах бөгөөд энэ уулзалт туршилт байх уу, ганц олдох боломж байх уу гэдгийг АНУ шийдэх болно гэжээ.
АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп даваа гарагт Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяхуг Цагаан ордны зууван танхимд хүлээн авч уулзсаныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр “Иран улстай магадгүй цөмийн гэрээ байгуулж чадвал сайн хэрэг, харин энэ удаагийн яриа хэлэлцээ амжилтгүй болвол миний бодлоор Иран улсын хувьд маш муу өдөр байх болно” гэсэн байна.
Д.Трамп өнгөрсөн сард цөмийн гэрээний асуудлаар яриа хэлэлцээ явуулах хүсэлтэй байгаагаа дундын зуучлагч АНЭУ-аар дамжуулан Ираны дээд удирдагчид албан захидлаар илэрхийлсэн боловч Аятолла Али Хаменей түүний саналаас татгалзаж, зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаад байгаа бол Трампын зүгээс Иранд цохилт үзүүлэх асуудлыг гарган тавьж байсан юм. Харин Иран улсын зүгээс АНУ-тай шууд бус, гуравдагч этгээдээр дамжуулан яриа хэлэлцээ явуулах хүсэлтэй байгаагаа хариуд нь илэрхийлж байсан бол бямба гарагт шууд яриа хэлэлцээ явуулахаар болоод байна.
Д.Трамп АНУ, Ираны хооронд ямар шат дамжлага дамжин ийнхүү хэлэлцээрийн ширээний ард суух болсон, яриа хэлэлцээнд ямар албан тушаалтнууд оролцох гэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хийгээгүй байна.
Эргэн сануулахад Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, зэвсгийн үйлдвэрлэл бус зөвхөн иргэний зориулалтаар ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих үүднээс олон улсын шинжээчдийг тус улсад хяналтын журмаар ажиллуулж, хариуд нь Ираны эсрэг тавьсан олон улсын хоригийг цуцлах иж бүрэн гэрээг 2015 онд АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргаа Иран улстай байгуулж байсан бөгөөд хоёр улсаас гадна дээрх гэрээнд БНХАУ, Франц, Герман, ОХУ, Их Британи улсууд давхар гарын үсэг зурж байсан юм.
Гэвч 2016 онд Д.Трамп төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараахан АНУ-ыг тус гэрээнээс гаргасан байдаг. Түүний дараагаас эхлээ Иран улс гэрээг зөрчих нь нэмэгдэх болсон юм. Түүнчлэн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зүгээс баяжуулсан ураныг үлэмж их хэмжээгээр нөөцөлж байгаа талаар Тегеранд сануулга өгч, анхааруулсаар байгаа билээ. Олон улсын зүгээс ч мөн Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлж, олон арван жилийн турш тус улсын цөмийн хөгжүүлэлтийг хязгаарласаар ирсэн бөгөөд даваа гарагийн Трамп, Нэтаньяху нарын уулзалтаар ч мөн дээрх сэдвийг хөндөн ярилцсан байна. Уулзалтын үеэр мөн Б.Нэтаньяху АНУ-тай хийх Израилын худалдааны алдагдлыг арилгах амлалтыг өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн 100 орчим улс оронд харилцан тэгш тариф ногдуулахдаа Израилын импортын бараа бүтээгдэхүүнд 17%-ийн нэмэлт тариф ногдуулсан юм. Б.Нэтаньяху мөн Хамасын барьцаанд байгаа үлдсэн иргэдээ суллаж, Газын зурвасыг Хамас бүлэглэлээс ангижруулж, Газын зурвасыг сэргээн босгох үеэр палестинчуудыг өөр улс орнуудад байршуулах зэрэг асуудлаар Трамптай хэлэлцсэн байна.