АНУ-ын өмнөд болон төвийн мужуудад өнгөрсөн долоо хоногийн дундаас эхлэн хүчтэй хар салхи салхилж, аадар бороо зогсолтгүй орж үерлэсний улмаас наад зах нь 21 хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Тодруулбал, байгалийн гамшгийн улмаас Теннесси мужид 10, Миссури мужид 3, Кентакки, Индиана болон Жоржиа мужуудад тус бүр 2, Арканзас болон Миссиссиппи мужуудад тус бүр 1 хүн амь үрэгдээд байгаа талаар NBC News мэдээлжээ.
Тэдний дунд хичээлдээ явж байгаад үерийн усанд живсэн 9 настай хүү, гольф тоглож байгаад модонд даруулж эндсэн 2 хүн, гэртээ үерийн усанд живсэн 5 настай хүүхэд, автомашины ослоор амиа алдсан 16 настай сайн дурын гал сөнөөгч зэрэг хүмүүс багтжээ.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхлэн зогсолтгүй орсон аадар борооны улмаас ням гарагт гол, нууруудын ус эргээсээ халин үерлэсэн байна. Даваа гарагийн байдлаар АНУ-ын төвийн нутгаар нийт 18 голын ус эргээсээ давж үерлэж, хот суурин гэх зэрэг нийт 256 байршилд үерийн гамшиг нүүрлээд байгаа ажээ. Хүн амын тоо хэмжээгээр нь аваад үзвэл 9 сая гаруй оршин суугч үерийн нөхцөл байдалд байгаа талаар NBC News мэдээлсэн байна.
Даваа гарагаас төвийн нутгуудаар аадар бороо зогсч, хүчтэй салхи шуурганы чиглэл эргийн бүсийн Флорида, Жоржиа, Өмнөд болон Хойд Каролина мужуудыг чиглэн хөдөлсөн байна. АНУ-ын төвийн хэсгээр томоохон газар нутгийг хамран 4 өдрийн турш зогсолтгүй бороо, хур тунадас орсон явдлыг цаг уур судлаачид 1000 жилд нэг удаа тохиодог маш ховор байгалийн үзэгдэл гэдгийг онцолжээ.
AccuWeather-ийн ахлах цаг уурч Жонатан Портер даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ энэ удаагийн хар салхи, хүчтэй аадар бороо ойролцоогоор 80-90 тэрбум ам.долларын эдийн засгийн гарз хохирол учруулаад байгааг тооцоолсноо дурьдсан байна.