БНСУ-ын Засгийн газар мягмар гаргийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг албан ёсоор 6-р сарын 3-нд явуулахаар тогтлоо. Тус улсын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичментээр огцруулахыг санал нэгтэйгээр дэмжин, албан тушаалаас нь огцруулсан. Үүнээс дөрөв хоногийн дараа ийнхүү ээлжит бус сонгууль товлоод байна.
2027 оны 5-р сард явагдах хуваарьтай байсан БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ийнхүү Юн Сок Ёлыг албан тушаалаас нь огцруулсантай холбоотойгоор 2 жилийн наана зохион байгуулагдахаар болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль явагдах 6-р сарын 3-ны өдрийг зөвхөн энэ жил олон нийтийн амралтын өдөр болгохоор болсныг Засгийн газар мэдэгджээ.
Ийнхүү сонгуулийн тов албан ёсоор гарснаар улс төрийн намуудын нэр дэвшигчээ сонгох нам доторх сунгаа эхэлж байна. Сөрөг хүчний Ардчилсан намын дарга И Жэ Мюнийг албан тушаалаа өгч, улмаар нэрээ дэвшүүлэх тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлээд байгаа бол эрх баригч Ард түмний хүч нам мөн даваа гарагт Сонгуулийн менежментийн хороо байгуулаад байгаа ажээ.
Харин БНСУ-ын Үндэсний сонгуулийн хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гарсны дараагаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг эхлүүлсэн байна. Тус улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгууль явагдах өдрөөс хамгийн багадаа 30 хоногийн өмнө төрийн албанаас буусан байх ёстой гэдэг. Иймд нэр дэвшигчдийн хувьд төрийн албанаас гарах эцсийн хугацаа нь 5-р сарын 4-ний өдөр байх юм. Түүнчлэн нэр дэвшигчид 5-р сарын 11-ний дотор Үндэсний сонгуулийн хороонд бүртгүүлж, сонгуулийн сурталчилгааны албан ёсны кампанит ажлаа 5-р сарын 12-ны өдрөөс эхлүүлэх юм байна.
Ээлжит бус сонгуульд ялж сонгогдсон шинэ Ерөнхийлөгч өмнөх Төрийн тэргүүнээс Ерөнхийлөгчийн албыг шилжүүлж авах тусгай баг байгуулалгүйгээр шууд албандаа орох ажээ. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Доксу энэ удаагийн сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулж, ард иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө Үндэсний сонгуулийн хороотой ойр хамтран ажиллахыг Дотоод яам болон бусад холбогдох яаманд уриалжээ.